Баян-Өлгий аймгийн цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай өнгөрсөн долдугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэний амийг аврах гэж байгаад өөрөө амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дөнгөж гучхан настай байсан залуугийн ард нялх биетэй эхнэр нь 2 настай хүү, 1 сартай нярай охинтойгоо хамт бэлэвсэрч хоцорсон юм.
Ажил явдлын үеэр ЦЕГ-ын дэд дарга талийгаачийн гэрт очиход эхнэр З.Отгонтуяа нь “Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан болохоор ямар нэгэн санал гомдолгүй ээ” гэж хоолой зангируулан хэлж байсан гэдэг. Цэл залуухан насандаа ханиасаа хагацаж, амьдралын хүнд ачааг нуруундаа үүрч үлдсэн түүний эр нөхрөө хүндэтгэх хүндэтгэл, эх орондоо өргөсөн тангарагт нь хатуужилтай зогсож буй энэ үг эгэл олонд бахархал харууслыг хослуулсан юм.
Тэгвэл өнөөдөр түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар улсаас 2 өрөө орон сууц өгүүлэх шийдвэр гаргажээ. Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өөрийнхөө амь насыг үл хайхран тэмцсэн талийгаачийн эхнэр, хоёр бяцхан хүүхдэд ийнхүү тусламжийн гараа сунгасан төр засгийн шийдвэрийг цагдаагийн албаныхан төдийгүй иргэд ч талархалтайгаар хүлээж авлаа.