“Мөнхийн залуу” хатагтай Э.Одгэрэлийн үнэн түүх
Энэ бол “мөнхийн залуу” тодотголт топ модель Эрээхүүгийн Одгэрэл.
Олон жил загварын тайзнаа өөрийн гоо сайхныг гайхуулж, гайхагдаж яваа түүнийг 50 хол гарсан гэвэл хэн ч итгэхгүй л болов уу.
Түүний загварын ертөнцөд орсон түүх нь их сонин. Анх угаагчаас топ болсон түүний амьдрал кино шиг.
Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” гэдэг.
Дараа нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон.
Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно.
Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байлаа.
“Гоёл” наадамд гуравдугаар байранд орсных нь төлөө түүнд 1989 оны туршид “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичиг өгч байжээ.
Дараа жил нь буюу 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болжээ.
Өнөөдөр ч түүнийг өөрийн компани, бүтээгдэхүүнийхээ “нүүр царай” болгохын тулд “алалцдаг” гэж хэлж болно.
Үүнийгээ дагаад ч хамгийн “үнэтэй” моделиудын тэргүүнд бичигддэг. “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ба “Орчин цагийн Тоо Хуар” хэмээн хоёр туйлд нь гартал түүнийг цоллодог ч өөрөө “Надад бусдаас илүү гараад байх юм байхгүй. Энэ бол миний мэргэжлийн шаардлага” гэдэг.