Ханьдаа зориулсан шүлэг
Чамдаа би эрхэлмээр
Чангаар инээж хүүхэд шиг ноолмоор
Цагаан өнгөнд шунах эрвээхэйн адилаар
Чинийхээ сайхан бүхэнд уусмаар
Дун хар нүдний чинь өнгөнд
Дурласан төрхөө би тольдож хармаар
Дуугүй даруухан аалийг чинь магтаад
Дүн шөнөөр ч чангаар дуулмаар?
Зөрсөн бүсгүй бүрээс чамайгаа харамламаар
Зүгээр л чамдаа бүхнээ тушаамаар
Зөн билэгт итгэж ядан сүсэглэхдээ
Зөвхөн чамтай л бол тамд ч бай шатмаар
Хойд насандаа ахин гэргий чинь болж төрмөөр
Хорвоог хамтдаа хоосон ч хамаагүй туулмаар
Хүмүүн биеийг дахин олж эс төрөх аваас
Хөндий талын хос цэцэг болон ургамаар
Ахиад нэг нуган үрийн зулай үнэрлэмээр
Амьдралд чинийхээ үргэлжлэлийг тээмээр
Ааваа гэх бяцхан үрсийнхээ дуунд
Алдаа оноо бүхнээ хамтдаа дэнсэлмээр
Дурсамж дуртатгал бүхнээрээ жүжиг бичмээр
Дэндүү их хайраа дуунд мөнхөлмөөр
Даанчиг богинохон амьдралын замд
Дулаан гарыг чинь үл тавимаар
Чамаараа би шүлгэндээ мөрт нэмнэ
Чамаараа би дуундаа хөг нэмнэ
Чамаараа би хүсэлдээ өнгө нэмнэ
Чамаараа би хувь тавиландаа итгэл нэмнэ
Нүдээрээ би чамайгаа аргадъя
Нулимсаараа би чамайгаа уяраая
Үгээрээ би чамайг хурцлая
Үнэрээрээ би чамайг согтооё
Хайраараа би хөлийг чинь тушъя
Хүмүүний хорвоод чамайгаа түшье