МХЕГ-аас мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд цахим хурал хийлээ. Цахим хуралд төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, албадын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд МХЕГ-ын дарга Т.Гантулга цаг үеийн мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгөв.
Коронавируст халдварын энэ үед мэргэжлийн хяналтын байгууллага жил гаруйн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нэн тэргүүнд зөвлөн туслах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог гэрчилгээ, мэдэгдэл зэрэг төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэн, төрийн үйлчилгээнд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэн хяналт тавих боломжтой болгож ил тод, шуурхай, цаг хугацааг хэмнэсэн шийдлийг нэвтрүүлэн дижитал шилжилтийг хийж эхлээд байна.
Цаашид коронавируст халдварын тархалтыг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих үүднээс сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйг баримтлан улам хичээж ажиллах шаардлагатай байгааг онцлов. Мөн коронавируст халдварын эсрэг бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ өөрсдийгөө халдварын эрсдэлээс хамгаалж, сонор сэрэмжтэй, нягт нямбай ажиллахыг үүрэг болголоо.