Жендэрийн Үндэсний хорооны хурал Төрийн ордонд эхэллээ. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даргалж байна.
Хуралдаан даргалагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр “Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг хүний эрхийн талаас нь тэмдэглэе.
Өнөөдөр манай улсын эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10-аар бага байна. Шулуухан хэлэхэд энэ нь архидалт, таргалалт, нойргүйдэлтэй холбоотой. Хоолны соёл нэвтрүүлж, архидалтын эсрэг томоохон арга хэмжээг эрчүүд дээрээ авахгүй бол энэ үзүүлэлт өсөх болно. Ходоод, элэг, нойр булчирхай, түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгаан дөрвөн зүйлтэй холбоотой. Эрчүүдийн ерөнхий хандлагыг авч үзвэл дандаа шөнийн 02:00 цагаас хойш гэртээ орж ирдэг.
Тэр нь яг гүн унтаж байх цаг. Яг энэ цагт бие организм өөрийгөө цэвэрлэж байдаг. Гэтэл цэвэрлэгээ хийх цагт монгол эрэгтэй хүн пицца, хорхог идээд байж байдаг. Үүнээс болж маш олон бэлбэсэн эмэгтэйтэй улс болох нь. Тиймээс үүнийг хурцаар ярих шаардлагатай байна.
Хөвгүүдийн боловсролын асуудал хурцаар тавигдах цаг болж байна. Монгол эрэгтэй хүнтэй гэрлэх нь сайн зүйл биш гэдэг ойлголт огцом давалгаалж эхэллээ. Нэг үгээр боловсролын тэгш бус байдал дунд сургуулиас эхэлж байна.
Цаашдаа хөдөлмөр эрхлэлтийн түвшний тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужих юм бол эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна. Ингэж байж хөдөлмөрийн идэвхтэй оролцоонд тулгуурласан идэвхтэй иргэнийг бий болгодог” гэв. Монгол Улсад 2020 оны байдлаар нийт хүн амын 1.650.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Тэдгээрийн 5.4 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54.4 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог.
Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 бөгөөд 3 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Харин 529.7 мянга нь ажил, хөдөлмөр эрхэлдэг бөгөөд тэдгээрийн сарын дундаж цалин 1135.8 мянган төгрөг.
Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын захирлуудын 36.7 хувь нь эмэгтэй аж. Салбараар нь танилцуулбал, 63.5 хувь нь үйлчилгээний салбарт, 22.5 хувь нь хөдөө аж ахуй, 14 хувь нь аж үйлдвэрлэл барилгын салбарт ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн 69 хувь нийслэлд, 31 хувь нь хөдөө амьдарч байна.
Монгол эмэгтэйчүүд дунджаар 26 насандаа гэрлэж, гурван хүүхэд төрүүлдэг байна.