Бодибилдингийн спортын Олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин Мойлоо хэдэн жилийн өмнө ээжийнхээ адил мэргэжлийн тамирчин болохоор сэтгэл шулуудсан талаар хэвлэлүүд бичиж байв.
Өдгөө 24 настай Мойлоо бүсгүй хэдийнэ айлын бэр болж, аав ээжээсээ тусдаа амьдарч эхэлжээ. Тэрээр 2018 онд АШУҮИС-ийг төгссөн бөгөөд насны ханиараа бодибилдингийн тамирчин залууг сонгосон байна.
Мөнгөнбаярын Мойлоо фитнес спортоор хичээллээд таван жил болж байгаа ба “Бикини” ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрсөлддөг байна.
2018 онд Тайландaд болсон Бодибилдинг, фитнесийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Women’s Model bikini” төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2019 онд 28 дахь удаагийн Бодибилдинг фитнесийн УАШТ-ий алтан меделийн эзэн болж байжээ.
Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг нэгэн удаа охиныхоо тухай цахим хуудаснаа “ Ээжтэйгээ Олон улсын хоёр тэмцээнд хамт явж, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын “Бикини” ангилалд хүрэл, Хятадад болсон Олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалийг хүртсэн. Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл таван цаг бэлтгэл хийдэг. Нэг килограмм хасвал 1,5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятаршгүй “Бикини” моделийн тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээн бичиж байлаа.