Энэ жил 26 нас хүрч буй “Камертон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ шинээр баригдаж байгаа хотхоны нүүр царай болжээ. Уран бүтээл хийхээс илүү хувийн бизнесээ хөөсөн тэднийг дахин нэгдсэнд фенүүд нь туйлын их баяртай байгаа аж.
“Камертон” хамтлаг одоогоос 26 жилийн өмнө байгуулагдаж байв. Тэр үед бүгд Хөгжим бүжгийн коллежид суралцаж байсан бөгөөд хоёр нь хийл, хоёр нь виолончель хөгжмийн мэргэжил эзэмшсэн байна. Тус хамтлаг анх монголчуудад хөгжимгүй олон хоолойн урсгал болох акапелла урсгалыг таниулах зорилгоор нэгдэж байжээ. Өнгөрсөн хугацаанд “Уйлахдаа ухаар”, “Өнөөдөр” , “Хайрын хот”, “Амин нутаг”, “Төгсөшгүй” зэрэг нийт 10 цомог гаргаж байсан.
“Камертон” хамтлаг 1995 оны намар “18 нас” дууныхаа клипийг цацаж эхлэх үедээ өөрсдөө 18 нас хүрээгүй байсан гэдэг. Байгуулагдсан цагаасаа хойш “Камертон” хамтлаг нийт 20 шахам бие даасан тоглолт хийжээ.
Хамтлагийн гишүүд бүгд тусдаа соло цомгууд гаргасан билээ. Үүнээс хамтлагийн ахлагч Болд хамгийн олон буюу нийт 9 цомог гаргасан бол Эба “Дөрөв дэх гудамж” нэртэй нэг цомог гаргажээ. Харин Мээдээ “Mi Amore”, “Чамд хэлье”, Ганаа “Дурлалын тэнгис”, “Хайрын нэрээр” нэртэй тус бүр хоёр цомог гаргасан байна. Хамтлагийнхан 2012 онд “B Production” болон “Боловсрол суваг”, “Music box” телевизүүдтэй хамтран “Камертон 2” төслийг реалити шоу хэлбэрээр хэрэгжүүлсэн билээ. Энэхүү төслөөс төрсөн “Камертон 2” хамтлаг нь Б.Замбалгарав, Б.Баярмандах, Б.Оргил, Д.Зориг гэх гишүүдтэй юм.