Жүжигчин бүсгүйн хувийн амьдрал дөчин насанд нь эхэлсэн гэдэг. Тэгвэл УДЭТ-ийн жүжигчин, МУГЖ Ж.Оюундарь 40 насандаа гэр бүл зохиож, гараасаа төлөх үртэй болсон.
Энэ талаар өгүүлэхдээ “Дөчин насанд миний амьдрал үнэхээр эхэлсэн. Дөчтэйдөө хүүхдээ төрүүлсэн. Амьдрал огт өөр болдог юм билээ. Амьдралыг харах нүд өөрчлөгддөг. Ямар сайндаа ээждээ “Би хүүхэдгүй яаж өдий хүртэл явж ирсэн юм бэ. Амьдралын баяр баясгалан энд байсан юм байна шүү дээ” гэсэн. Амьдралын шинэ өнгө төрх дөчин насанд эхэлдэг гэж үнэн. Амьдралын зовлон, жаргалтай үед сэтгэл буруулдаггүй хүн бол ханилсан хань л байдаг. Эр хүний түшиг тулгуур, нөмөр нөөлөг эмэгтэй хүнд хэрэгтэй. Амьдралын утга учир ерөөсөө гэр бүл.
Хайрлаж, хайрлуулж амьдрахын сайхныг өдөр бүр мэдэрнэ гэдэг ханийн жаргал шүү дээ. Намайг төрсний дараа хүүтэй болсноо сонсоод нөхөр минь баярын нулимс унагаж байсан. Тэр үед орчлонд “Ээж ээ, аав аа” гэж дуудах үртэй байхын жаргалыг их мэдэрсэн шүү.
Өмнө нь амьдрал зохиогоогүй, ганц бие байхдаа өөрийгөө их боддог аминчхан байжээ. Хүүтэй болсон цагаасаа эх хүний аз жаргалыг мэдэрч байна. Үр хүүхэд гэр бүлд ямар их аз жаргал хайрладаг юм бэ. Ажлаа тараад гэр рүүгээ яаран тэмүүлнэ” гэжээ.
“Ромео Жульетта” жүжиг түүний амьдралтай салшгүй холбоотойгоор барахгүй ханьтай нь учруулсан гэдэг. Тэрээр нөхрийнхөө талаар “урлаг биднийг учруулсан. “Ромео Жульетта” жүжигт тоглож байхад тайзан дээрээс анх олж харсан гэдэг. Тэр үеэс их боддог болсон гээд ярьдаг юм. Ханиа сайн, сайхан залуу гэж хэлнэ ээ. Сэтгэлд минь нийцсэн учраас сонгосон. Магтаж хэлэхэд үг багадна. Би амьдралынхаа сонголтод сэтгэл хангалуун байдаг. Нөхрөө магтаж байна гэж битгий бодоорой. Бусдад их тусархуу, цайлган сэтгэлтэй, юманд их мэдрэмжтэй, ухаалаг ханддаг хүн дээ. Энэ хорвоод хайр шиг гэгээн зүйл ховор байх аа. Хүнийг байгаагаас нь илүү өөрчилж, амьдрах итгэл, урам зоригийг төрүүлж чаддаг гайхамшигтай зүйл бол хайр.
Нэг нэгнээ хайрлах сэтгэлийг итгэл, найдвар гагнадаг гэж боддог” хэмээв.