Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хаа сайгүй хэц, хэнгэрэг дуугарч эхэлсэн. Зарим нь ч зайлж бултах аргагүй заяа төөргөөр онгод сахиус авч, бөө, удган болдог бол зарим нь бизнес хийж байна гэх юм. Тийм ч биз, үгүй ч биз. Ямартаа ч, олны танил улаач нартай танилцая.
Дуучин A-Cool
Хайрын дуунуудаараа залуусын дунд танил болсон дуучин А Cool буюу Б.Анхбаяр бөөгийн онгод авсан улаач болжээ. Энэ тухайгаа нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ нууж хаалгүй нээлттэй ярьсан. Тэрээр “Надад өвөө буюу сахиус маань ирээд долоо, найман сар болж байна. Энэ тухай ингээд хүмүүст хэлсэн чинь дотор онгойгоод сайхан болчихлоо. Өвөө маань надад зөв хүн байхыг сургадаг. Тийм болохоор зөв хүн байхыг хичээж байна” хэмээсэн.
Ч.Галсан
Эх орноосүү илүүтэй хөгшин европын Германд алдартай зохиолч Чинагийн Галсан хэмээх эрхэм бий. Цагтаа их нүүдэл хэмээгчийг санаачлан, зохион байгуулж, баруун хязгаар Баян-Өлгийгөөс элэг нэгт тувачуудаа их хот руу авчирч байсан нэрт соён гэгээрүүлэгч энэ эрхэм нэг төрлийн зайран гэдэг. Дөчин нэгэн чулуугаар мэргэлдэг ховлог гэгчээр хувь төөрөг, засал ном хийдэг энэ эрхэм бөөгийн шашны талаар баруун европчуудад оюуны асар их хөрөнгө оруулалт хийсэн гавьяатай. Жинхэнэ бөө ховордсон цаг хэмээн ярих тэрээр агуу их Исаак Ньютон, Альберт Эйнштейн, Жана`д Арк тэргүүтэн хүн төрөлхтний түүхэнд баатарлаг гавьяа байгуулж, түүхэн нээлт хийсэн хүмүүсийг бүгдээрээ бөө байсан хэмээн тайлбарладаг.
Ц.Энхманлай
Рок попын гэр бүлээс төрсөн хамгийн хүчирхэг бөө нь “Харанга” хамтлагийн ахлагч, УГЗ Ц.Энхманлайг гэдэг юм билээ. Монголын орчин цагийн амьд хөгжмийн амьд домог түүх болсон энэ хамтлаг 2 бөөтэйг бид мэдэх билээ. Ц.Энхманлай гавьяатын тухайд гайхалтай гитарчин, дуучин төдийгүй гайхамшигтай ая олныг зохиосон нь хэзээд хит хэвээр байж ирсэн. Хаа очиж төлөв төвшин, хий явдалгүй гитарчин эр бөөгийн дуудлагаа авахдаа дуулиан шуугиан ч бололгүй, чимээгүйхэн авчихсан гэдэг. Одоо ч хамгийн их шавьтай, хамгийн нэр хүндтэй, хамгийн чадалтай зайрангуулын тоонд түүнийг оруулдаг нь ийм учиртай. Түүнийг архи амсдаггүй, сүүлд бариач болж хэмээн хэвлэлүүд хэсэг шуугисан. Жүжигчин С.Ононг ч шавь оруулж, жүжигчин эр зайран болсон тухай яригдсан. Харин энэ бүхэнд гавьяат Ц.Энхманлай хариулт өгч байсан удаагүй.
Х.Лхагвасүрэн
Булган сүүлтэй гэгчээр Ц.Энхманлай гавьяатын араас мөнх хөх тэнгэрийн дуудлага юугаа авсан нэгэн эрхэм бол “Харанга”-ын Лхагваа. Ар Монголын алдарт дуучин, цуцашгүй хүчирхэг хоолойт энэ эрхэм нэг хэсэг автын осол хийж, “аав”-ын хаалга татах, тэнд байхдаа нүднийх нь хараа муудсан гээд ёстой үхэхээс наахнуур барцадтай явсан үе бий. Энэ бүхний тайлал нь тэрээр онго сахиустай байж, түүнийгээ хүлээн аваагүйгээс болсон гэх. Ямартай ч рокеруудын мөнхийн имиж гинж, тоног сэлт, сүүл үед таван өнгийн хадаг бүхий микрофоноос салахаа больсон түүнийг шаггүй хүчтэй бөө гэх юм билээ. Гэвч дуучин эр зайран гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдэгдэж байсан нь үгүй. Харин “Би бөөгийн зан үйлээр биш өөрийн уран бүтээлээр бурхан тэнгэртэй холбогддог” хэмээн нэгэнтээ хэлсэн удаатай. Дуулж байхдаа л бөөлдөг гэж хэлсэн нь ч бий. Ямартай ч ард түмний хайртай агуу дуучин эр нэг хэсэг амьдралын даваа нугачаанд алдаж, эндэж явсан ч өдгөө амьдралынх нь хайр, насных нь хань Ганбаяр хэмээх бүсгүйтэй учирч амар жимэр аж төрж байгаад фенүүд тун ч баяртай явдаг билээ.
Ц.Ганзориг
Анхны бөө ч гэж болно, энэ эрийг. Магадгүй анхлан зоригтойгоор илэн далангүй мэдэгдсэн нь жүжигчин Ц.Ганзориг учраас ийн тооцогддог байж болох юм. “Овжин охид” киноны Сампилын дүрээр олонд танигдаж, од болж байсан тэрээр жүжигчний хувьд ч шаггүй авьяаслаг нэгэн. Алс баруун хязгаар Ховдын уугуул тэрээр харьцангуй залуудаа бөөгийн онгод дуудлагаа авсан бөгөөд нутаг орондоо жил бүр очиж тэнгэр сахиусаа аргаддаг гэнэ лээ. Тэрээр нэгэнтээ “Дээд тэнгэрийн онгодыг биедээ оруулаад, ах дүү, аймаг садандаа тус хүргээд явж байна. Би өөрийгөө муу зайран гэж хэлэхгүй. Ямар ч байсан ханилсан цагаасаа эхлээд үр хүүхэдгүй байсан айлд үр хүүхэд дуудаж, хань ижилгүй байсан хүмүүсийг хань ижилтэй болголоо. Үхэх гэж байсан хүнийг ч босгосон” гэж ярьсан удаатай. Түүний араас нэг продакшнд хүчин зүтгэж явсан “Маск”-ын М.Мөнхсайханыг мөн л бөө болсон гэдэг. Гэхдээ тэрээр бөөлөхгүйгээр онго шүтээнээ шүтэж тахиад явах замыг сонгосон гэх юм билээ.
Д.Бямбацогт
Салхи Дамбий хочит жүжигчин Д.Бямбацогтын тухайд бөөгийн дуудлага авсныг нь ойр дотныхон нь ярьцгаадаг. Гэхдээ жүжигчин эр тэрбүр олны өмнө ил зарлаж, хэлээд явахыг хүсдэггүй бололтой. Ямартай ч нэгэн цагт хайртай байсан бүсгүйгээсээ салсныхаа дараа араас нь сүү цацал өргөж, сайн сайхан амьдралыг ерөөсөөр хань ижилтэй болгосон хэмээн ярьсан гэдэг.
Тун ч чадварлаг жүжигчин эр 2008 онд дэлгэцнээ амилсан “Үхэж үл болно:Чингис хаан” кинонд Тив тэнгэр хэмээх бөөгийн дүрийг бүтээсэн. Эл дүрийг бүтээж байх явцдаа дүрээ судлах үүднээс 2 зайрантай уулзаж, дотно нөхөрлөж, шавь нь болсон төдийгүй бөөгийн шашинд гүн сүсэг бишрэлтэй болсон хэмээн ярьсан байдаг. Ямартай энэ дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин эрхэм бөөлж, засал ном хийдэггүй ч дуудлага юутай гэдэг.
Ш.Алтанцэцэг
Ааяа гэвэл ард түмэн түүнийг андахгүй. Цагтаа чадалтай жүжигчдийн тэргүүн фронтыг командалж явсан Ааяаг алдарт жүжигчин Бумаагийн хойд дүр хэмээн өргөмжилж байв. Харин жүжигчин бүсгүй нэг л өдөр тайз, дэлгэцээсээ хөндийрч, нэг хэсэг усанд хаясан чулуу мэт сураг алдарч орхисон. Хэдэн жилийн дараа гарч ирэхдээ удган болсон хэмээх сенсаацитайгаар урлагийн тайзнаа эргэж ирсэн юм. Урлагийн хүрээнийхэн төдийгүй эгэл жирийн зовж зүдэрсэн хүмүүст засал ном хийж, заяа төөргийг нь засаж залруулж өгөхдөө жүжигчин бүсгүйг тун ч сайн гэдэг. Ямартай ч энэ бүхнийхээ хажуугаар тэрээр бясалгал, цагаан хоолоор занималдаж, гоо үзэсгэлэн, бие хаагаа ч сайхан хэвээр нь хадгалж үлдсэнийг хэвлэлүүд онцолж байгаа.
Т.Ариунаа
Рок попын эмэгтэй дуучдаас хүчирхэг хоолойт С.Наран, экс “Киви” Э.Халиун нарыг удган болсон гэх нь бий. Хүүхдийн элч дуучин эр нөхөр Анхаатайгаар хамтарч нэг хэсэг солонгос савангийн дуурийн дуунуудыг хашрааж байсан Э.Халиун хэсэг тайзнаасаа холдсон шалтгааныг ийн тайлбарлаж, бүр Ц.Энхманлай гавьяатын гарын шавь болсон гэсэн. С.Нарангийн тухайд албан ёсоор аваагүй ч тэнгэрийн дуудлага ирснийг авахгүйгээр аргалсан гэдэг.
Харин эрос хатагтай Т.Ариунаагийн тухайд сүүлийн жилүүдэд гэгээрэл, бясалгалд нэвт ороод буй. З.Бат-Отгон багштай хамтран “Хатан ухаан” төвийг байгуулж, төрийн ордонд сүр бараатай нээлтээ хийж, ард түмнийг гэгээрүүлэх, бясгалгажуулах гэгээн үйлсэд ханцуй шамалсанд нь гавьяат дуучинд талархмаар байдаг. Эрос хатагтайд бөөгийн дуудлага ирсэн нь үнэн бөгөөд хэдэн зун хээрээр гэр хийж, хэцээр дэр хийхдээ онгод сахиусаа өөрийн бие дээр авахгүйгээр аргалж дөнгөсөн гэдэг. Ер нь ийм арга байдаг бөгөөд ихэнх хүмүүс ийм аргаар онгод сахиусаа аргадддаг аж.
Хип хопчин бөө нар
Жинхэнэ билэг танхай бөө нар хип хопчид дунд бий. “Айс топ” хамтлагийн Коби, “S&I” хамтлагийн Манлай, “Монтареп” хамтлагийн хоёр ч гишүүн бөөгийн угтай, түүнийгээ ч цааргалах юмгүй хүлээн авсан гэдэг. Хип хоп үглэдэг шигээ шаггүй сайн зайрангууд эдний дунд байдаг аж. Сүүлийн үед реппер Жийг бас зайран болох магадлалтай гээд байгаа.
С.Жавхлангийн экс Г.Долгормаа
Догоо гэдгээрээ олонд танил энэ бүсгүйг дуучин С.Жавхлангийн экс гэргий, ууган охины ээж гэвэл уншигчид андахгүй. Ховд нутгаас гаралтай бизнесмэн,“Торгоны зам”-ын Гантөмөр хэмээх эрхмийн ууган охин энэ бүсгүй цагтаа швейцарь Отгоо тэргүүтэн цуутай эрстэй нэр холбогдож явсан жаатай бүсгүй. 2007онд нийтийн дууны ханхүү С.Жавхлангийн Юм-Агь охиныг төрүүлж олны танил болсон. Дуулиан шуугианы баатар энэ бүсгүй охиныхоо аавтай зэрэг зиндаа, гарал үүсэл өөр учраас нэг гэрт багтаж шингээгүй гэдэг. Г.Долгормаа бүсгүй бөөгийн дуудлагатай байсан бөгөөд дуучин эртэй амьдарч суух үед нь энэ бүхэн илэрхий болж, дуудлагаа авахгүй гэсэн гэргийгээ С.Жавхлан бөө удган дээр дагуулж очин, онгод тэнгэрийг нь аргадсанаар өөрөөс нь зайлуулсан гэдэг.
Ерөнхийлөгчийн бөө охин
Бизнесээрээ овоглож, улс төрчөөрөө ард түмний хайр итгэлийг хүлээгээд буй эрхэм гишүүн Х.Баттулга хоёр охинтой. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, дизайнер болсон том охин Номин нь дэлхийд байхгүй том гутал урлаж, Гиннесийн амжилт тогтоосон. Харин удаах охин Намуунаа нь “Түмэн хишигтэн”-ийнхээ рекламанд модель бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн тоглохдоо гоо үзэсгэлэнгээ гайхуулж амжсан. Энэ зун Намуунаа “Оюуны ундраа”-д бэр орж, эрхэм Ерөнхийлөгчийг өвөө болгосон. Эрхэм Ерөнхийлөгчийн эл хоёр охины нэг нь удган бөгөөд нэлээн нууцлаг байдалд бөөлдөг гэнэ лээ.
1 сэтгэгдэл
Хахахаха