Би чамд хайртай уран сайхныг киног мэдэхгүй монгол хүн гэж байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Хөөрхөн Үрлээ, ангийнх нь багш, найзууд, Баяраагийн аав, ариун ариун гэхэд гээд л хүн бүхний аманд аялагдах дуу гээд мартагдашгүй сайхан уран бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино.
Хэдхэн жилийн өмнө хоёрдугаар анги нь хийгдэж тэр үеийн жүжигчин хүүхдүүдийн том болж ангиараа уулзалдах сайхан агшныг бид ахин тольдсон. Үзэгчид хамгийн түрүүнд Үрлээ, Баяраагийн хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхож байсан.
Үрлээ буюу жүжигчин С.Пүрэвмаа… тэр үеийн хөөрхөн охидын үнэлэмж энэ л охиноор хэмжигдэж зүрхээ хугаслаагүй хөвгүүн тухайн цаг үед цөөхөн байсан гэж хүртэл түүнийг ярьдаг.
Хоёрдугаар анги дээрх Үрлээгийн бие галбир, царай зүс яах аргагүй бусдаасаа эрс ялгарч байсны нууц нь ердөө эрүүл зөв хоол, идэвхтэй дасгал хөдөлгөөн гэнэ шүү.
Нууцлагдмал атлаа өөрийн гэсэн өнгө төрхтэй энэ эмэгтэйг цагаан хоолтон, иогийн багш гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй болов уу.
Олны нүднээс далдхан байх дуртай энэ эмэгтэй харин сүүлийн үед цагаан хоол болон эрүүл хоолны талаар нэлээд зөвлөх болжээ. Түүний хувьд нэг хүү, дөрвөн охинтой.
Хүүхдүүд нь нэг үеэ бодвол бүгд хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчээ.
Таван хүүхдийн ээж гэхэд сайхан бие галбир оворгүй тунгалаг царай төрхийнхөө нууцыг зөв хооллолт хэмээн тайлбарладаг юм билээ.
Ташрамд дуулгахад, зураач артист Ж.Анунаран түүний том охин.
Уран бүтээлч Ж.Анунаран нь метафор дүүрэн метафизик ертөнцийг анирдсан бүтээлүүдээрээ олонд танигдаж, орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч. Тэрбээр өөрийн өвөрмөц холимог техникийн арга ажиллагааг боловсруулж, даавуу, үзэг, зүү, утас, акрилик, тос, хэвлэл, эсгий зэрэг баялаг материалуудыг хооронд нь сүлэлдүүлж уран бүтээлээ туурвидаг. Үүний үр дүнд зөөлөн, нарийвчлан шагласан арга ажиллагаанаас 3D хэлбэр бүхий ажлууд, фото зургийн суурьтай холимол маягийн бүтээлүүд төрдөг гэсэн шүү.