Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Ардын хувьсгалийн 100 жил, Ардчилсан хувьсгалийн 32 жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цолоор ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч эмч Ц.Чинбаярыг шагнасан.
Тэрбээр “Эмнэлгийн ажил гэдэг цэвэр багийн ажиллагаа. Ганцхан Чинбаяр гэж эмч мундагтаа хүмүүсийг эдгээгээд байгаа юм биш ээ. ХӨСҮТ-ийн бүх ажилтны хөдөлмөр шүү дээ. Гэртээ харилгүй 14 хоног болж байна. Гэхдээ өвчтөнүүд маань эдгэж байвал миний харих яах вэ, болох биз” хэмээн даруухан өгүүлдэг нэгэн.
Эмнэлгийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж буй Ц.Чинбаяр эмч “Ариутгагч, асрагч, сувилагч гээд бүх ажилчид маань миний гэр бүлээс ялгаа байхгүй. Бүгд ар гэрээ орхиод өдөр, шөнөгүй ажиллаж байна. Эмч бол үүрэг хүлээсэн, хариуцлага өндөртэй хүн.
Тэр тусмаа эрчимт эмчилгээнд ажиллахад хувь хүний идэвх зүтгэл, хариуцлага их шаарддаг. Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан байдаг. Харин өвчтөнийхөө амь насыг аварч чадахгүй үе хамгийн хэцүү байдаг. Давагдашгүй хүчин зүйл тулгараад, өвчтөндөө эрчимт эмчилгээ хийж чадахгүй, бүр мөсөн алдана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ. Энэ үеийг хамгийн ихээр мэдэрсэн үе маань 2015-2016 он. Тэр үеэр улаан бурхан өвчин дэгдэж, бага насны олон хүүхэд маш хүндээр өвчилж, цөөнгүй хүүхдийг бид алдаж байсан.
Тэр үед зөвхөн надад гэлтгүй манай хамт олонд үнэхээр хэцүү байлаа” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг.