Худал мэдээлэлд хариу өгөхөд цаг хугацаа хождохгүй гэгчээр сүүлийн хэдэн өдөр тодорхой нэр бүхий сайтуудаар зохион байгуулалттай Хавдар судлалын үндэсний төв болон түүний удирдлагуудын талаар илт худал мэдээлэл, гүжир гүтгэлгийн шинжтэй зүйлүүд шил дараалан орсоор байгааг хараад хэсэг бүлэг нөхдөд ХСҮТ-өөр оролдох сонирхол асар их байгааг харуулсныг шуудхан хэлчихье.
Өвчин зовлон хаана байна, түүгээр мөнгө олоод сурчихсан хэсэг бүлэг нөхдийн “эрх ашгийг илт хохироож”, шударга зөв ажилласныхаа төлөө ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү тэргүүтэй удирдлагын багийнхан байсхийгээд ийм хов жив, худал гүтгэлэгт өртдөг болсныг хараад энэ улс оронд ажил хийх гэсэн, аливааг эхлүүлэх гэсэн бүгдийг худалдагдсан сэтгүүл зүйн хямдхан сэтгүүлчидтэй нийлж намнах гэсэн ядмаг оролдлогууд мэр сэр гардаг болчихож. Тэр бүгдэд ХСҮТ-ийнхэн сонин хэвлэлээр хэл ам хийж, хэрүүл зарга үүсгэж суусангүй. Харин хуулийн хүрээнд мэргэжлийн өмгөөлөгчөөс туслалцаа авч, хууль хяналтын байгууллагуудад хандаж ирсэн учраас ийм нам гүм байдаг хэрэг. Тийм ч учраас энэ бүх гүтгэлгийн шинжтэй худал мэдээллүүдэд ёс юм шиг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн нэрийг ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй холбож, ХСҮТ-ийн хийж хэрэгжүүлж буй бүхнийг харлуулах бохир технологи ашиглаж, хар пиар хийгээд ч үнэний өөдөөс худал хуурмаг бүхэн ялагдсан гэдгийг миний өмнө дэлгээстэй бодит баримт фактууд гэрчилнэ. Адгийн зарга 10 хоног гэгчээр ажил үүргээ гүйцэтгэж яваа ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүтэй холбогдуулан ХСҮТ-ийн ҮЭ-ийн дарга асан Б.Болормаа нь ХЭҮК, БЗД-ийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БЗД-ийн Прокурорын газар, АТГ, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд тус тус хандсан боловч шударга ёс ялдгийг яруу тодоор харуулж, ХСҮТ-ийнхэн хууль зөрчөөгүй гэдэг нь шат шатны шүүх, хууль хяналтын байгууллагуудаар албан ёсоор тогтоогдсоныг хэлмээр байна. Шударга ёс, үнэн зөв зүйл гэдэг хэзээд ус тос шиг аяндаа ялгараад ирдгийн учир ийм. Ямар гээчийн худал гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд цацаж, түүний хор уршгийг арилгахын тулд хууль, хяналтын байгууллагуудаас зохих хяналт шалгалтыг хийж, үнэнийг тогтоож, буруугүй гэдэг нь батлагдсан бодит баримтуудыг нэг нэгээр нь дурдаад явчихъя.
НЭГ: Одоогоос яг хоёр жилийн өмнө ХСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга асан Б.Болормаа гэгч “…ажилчдын цалин хөлс, урамшуулалтай холбоотой ажлын байрны дарамт 10 сарын турш үргэлжилж байна” гэх илт гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг ОНМХ-ээр явуулж байсныг тодхон санаж байна. Тэр гомдлын мөрөөр ХЭҮК-ийн гишүүний баталсан удирдамжийн дагуу 2021.09.02-ны өдөр хяналт шалгалт хийгдсэн байдаг. Тус 2021.10.07-ны өдрийн ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжидийн ЭМ-ийн сайд С.Энхболдод хандсан албан бичигт: “…хяналт шалгалтыг тус төвийн ажилтнуудаас санал асуулга авах, бүлгийн болон ганцаарчлан ярилцлага хийх, холбогдох албан тушаалтнаас тайлбар тодруулга авах, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг аргачлалаар явуулахад гомдолд дурдсан АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТ ҮЗҮҮЛСЭН ГЭХ АСУУДАЛ ТОГТООГДООГҮЙ болно” гэсэн нь цагаан дээр хараар тод томруун бичсэн баримт байна. Энэ бол ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү 10 сарын турш ажилтнууддаа ажлын байрны дарамт огт үзүүлээгүй гэдгийг нотолсон баримт гарцаагүй мөн.
ХОЁР: БЗД-ийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2021.06.16-ны өдрийн 01/ШШ/2021/01868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХСҮТ-д холбогдох Ерөнхий захирлын 2020.11.30-ны өдрийн A/368 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, НД-ын болон ЭМД-ын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүх яаж шийдсэн талаар баримт өгүүлье. 2021.09.10-ны өдрийн 01392 дугаартай Нийслэлийн ИХДЗШШ-ийн магадлалд: “…Нэхэмжлэгч Б.Болормаа нь ёс зүйн зөрчлийг хоёр удаа гаргасан нь ХСҮТ-ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2020.10.06-ны өдрийн 03, мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр тогтоол зэрэг баримтаар ТОГТООГДСОН тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭЖ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХДӨӨ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ байна. …Иймд ХСҮТ-ийн Ерөнхий захирлын 2020.11.30-ны өдрийн Б/368 дугаар тушаалаар хагалгаа мэдээгүйжүүлэлтийн нэгдсэн тасгийн мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний их эмч Б.Болормаа нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай НИЙЦЖЭЭ. Дээр дурдсан үндэслэлээр Анхан шатны шүүхийн ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, нэхэмжлэгч Б.Болормаагийн нэхэмжлэлийг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байх юм. Ийм ёс зүйгүй эмч эмнэлгийн салбарт ажиллаад зогсохгүй, нийгэмд худал мэдээлэл түгээж, нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олноо гүжирдэн гүтгэсэн нь шүүхээр тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгосон баримт бол ХОЁР ДАХЬ ҮНЭНИЙГ ГЭРЧИЛСЭН бодит үнэн юм.
ГУРАВ: Мэдээж хуулийн хүрээнд асуудлуудаа цэгцтэй, дэс дараалалтайгаар шийдүүлж ирсэн ХСҮТ-ийнхэн Нийслэлийн ИХДЗШШ-ийн МАГАДЛАЛД өөрсдийг нь гэм буруугүй гэж үзсэнийг яаравчлан ОНМХ-ээр цацаж, сенсац шуугиан дэгдээхийг хүссэнгүй. Учир нь хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх гэж байгаа тохиолдолд нөгөө талын нэхэмжлэгчийн УДШ-д гаргасан нэхэмжлэлтэй холбоотой асуудал Улсын дээд шүүхээр хэрхэн шийдэгдэхийг хүлээж байсан аж. Улмаар худал хуурмаг бүхнийг үнэн зөв гэдэг хэзээд ялдаг жам ёсоор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛД юу гэснийг одоо бүгд уншицгаая. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021.10.29-ний өдрийн дугаар 001/ШХТ2021/00804 тогтоолд: “…Нэхэмжлэгч Б.Болормаагийн гомдлыг Хяналтын шатны шүүх хуралд хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан ҮНДЭСЛЭЛД ХАМААРАХГҮЙ БАЙНА. Иймд гомдлыг Хяналтын шатны шүүх хуралд хэлэлцүүлэхээс ТАТГАЛЗСАН тухай Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг уншигч танд хүргэлээ. Хэн нэгнийг Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдэн гүтгэж болдог гэсэн богино бодолтой сэтгүүлчдэд ч бас хамааралтай дээрх шийдвэрийн үнэнийг өгүүлэхэд ийм байна.
Худал мэдээ буюу fakenews гэдэг ийм л хор уршигтайгаас гадна энэ хугацаанд алдсан жил сарын үнэ цэн, нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдсан сэтгэл санааны хохирлыг тооцоолох аргагүй юм. Эдгээр баримтыг дурдсаны учир нь сүүлийн өдрүүдэд өнөөх л жилийн өмнө сайт дээрээ худал мэдээлэл түгээж байсан asu.mn зэрэг нэр бүхий сайтууд улам эрчимжиж, энэ удаад ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгийн нэр төрд ахиж халдах гэсэн бохир оролдлого хийснийг хараад хэзээ ОНМХ болон сэтгүүлчид бодит эх сурвалжаар мэдээ мэдээлэл бэлтгэдэг болох цаг ирэх вэ гэж харуусаж сууна. Магадгүй энэ мэт гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг үргэлжүүлэн сайтуудаар тавиад байвал энэ удаад худал мэдээлэл түгээсэн сайтуудыг шүүхэд өгөхөөс өөр гарц үлдээгүй биз.
Тос дотроосоо өтдөгийн адилаар эмч нар, эмнэлгийн салбарынхны талаар иргэдийн дунд байнга шахуу яригддаг авлига хээл хахууль, ёс зүйгүй байдлыг нь дотроосоо цэвэршүүлэн, хариуцлага тооцож ажлаа эхлүүлсэн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү болон түүний удирдлагын багийнхныг харлуулах гэсэн бас нэг увайгүй оролдлогод хатуухан хариу барих цаг нэгэнт болсныг дээрх үйл явдлууд харуулж байна. Иргэд одоо нэгэнт хэрсүү болсон. Магадгүй ХСҮТ дотор ажиллаж байсан хэн нэгний буруутай үйл ажиллагаа, ёс зүйгүй байдлыг нь илрүүлж, хариуцлага тооцож эхэлсэн удирдлагуудыг замаасаа зайлуулж, өөрсдийнх нь толгойг илж, дураар нь дургиулах утсан хүүхэлдэйг оронд нь тавих гэсэн асар их ашиг сонирхол энэ бүх худал мэдээллийн ард яваа гэдэг нь хэнд ч ойлгомжтой бас тодорхой байна. Тиймд эдгээр худал мэдээлэл түгээсэн, олон нийтэд буруу зөрүү ойлголтыг өгч буй ХМХ болон сайтуудад хариуцлага тооцох цаг ирснийг энэ бүх үйл явдал харуулж байна.
Эрхэм мэргэжил нэгт сэтгүүлчид минь бодит эх сурвалжид тулгуурлаж, аливаа мэдээ мэдээллийг цацаж байхгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээх нь дамжиггүй гэдгийг тооцоолоход гэмгүй санагдана.
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг