Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг МАК группын эзэмшигч Б.Нямтайширын гэр бүл 100 хувь өөрсдийн хөрөнгө оруулалтаараа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн ерөнхий боловсролын
сургуулийг барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү сургуулийн барилга тохижилтыг олон улсын жишиг бүхий сургууль болгон ийнхүү барьсан байна. Тус сумын хувьд 93 жилийн түүхтэй бөгөөд хуучин сургууль нь нурж унахаар муудсан байсан гэнэ. Тиймээс өнгөрсөн 2020 оны тавдугаар сард ийнхүү шинэ сургуулийн шавийг тавьж барилгын ажлаа эхлүүлэн энэ сарын 15-нд сумын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.
Хичээлийн шинэ байрны барилгын ажлыг “Хос Фрейндс” компани гүйцэтгэх бөгөөд ирэх онд ашиглалтад оруулан хүлээлгэн өгсөн байна.
Б.Нямтайширын аав Т.Бямбаа нь Ерөө сумын бага сургуулийн ууган сурагчдын нэг юм. Энэ онд 100 жилийнх нь ой тохиож байгаа Т.Бямбаа нь Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх техникум, Монгол Улсын Их Сургууль, Тимирязевын нэрэмжит Москвагийн Хөдөө Аж Ахуйн Академийг дүүргэжээ.
Тэрээр ХААДС-ийн хичээл ангийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, ШУА-ийн Бэлчээр, тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ахлах ажилтан, тасгийн эрхлэгчээр ажиллаж, МАХН-ын Төв Хорооны болон Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож байжээ.

