“Маск” продакшны жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээ, “Эмоци” хамтлагийн жүжигчин У.Цогтбаяр буюу Цоогтоо нарыг +17 инээдмийн цуврал гарснаас хүмүүс андахгүй болсон билээ.
Тэд хэд хэдэн хамтарсан уран бүтээл хийсэн бөгөөд хамгийн сүүлд “+17 Pro max” гэх контентийг үзэгчдэд хүргээд буй. Тэгвэл тус цувралынхаа нэгэн постерийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ыг дүрсэлж сошиал хуудаснаа цацсан нь олны анхаарлыг татсан. Учир мэдэх хүмүүс тус постероо буулгахыг шаардаж, сануулга өгч эхэлжээ. Учир нь хэдэн жилийн өмнө АНУ-д хийгдсэн “The interview” нэртэй уран бүтээлийн постерт Хойд Солонгосын Ерөнхийлөгч, цэргийн хүчийг дүрслэн оруулсан нь багагүй асуудал дагуулж байв. Улмаар тус киноноос болж Sony компанийн сервер хакердуулж, багагүй шуугиан тарьж байсан түүхтэй.
Манай орны хувьд Хойд Солонгостой хэзээнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн. Харин залуу уран бүтээлчдийн “сахилгагүйтэл”-ээс болж ямар асуудал үүсэхийг хэн ч таашгүй.