Талх, нүүрс, салаавч гэдэг ч юмуу улс төрийн хүрээнд гарч ирсэн тодотголуудаас хамгийн гоёыг нь авсан хүн бол иргэн Цогоо. Дарваан Цогоо, иргэн Цогтгэрэл, “Шилэн” Цогоо нар чухамдаа нэг хүн.


FM-ын хөтлөгчөөс дэд сайд болтлоо улс төр хийж ирсэн тэрээр “Дарваан хар” хочиндоо тун дургүй. Олноо алдартай уг хочноосоо салахын тулд мань хүн улсын төсөв, шилэн данс ярьсаар өнөөгийн “Шилэн” Цогоо нэрээ олж авсан гэдэг. Өдөр ч, шөнө ч шил зүүж явдаг тэрбээр МАН-ын Их хурал дээр шилгүй үзэгдэх нь тэр. Хараагаа тэглүүлсэн үү, харааны шилээ мартсан уу гэдгийг чухам өөрөө л мэдэх байх.

Ямартаа ч, нарны шилнийхээ хүрээг хүртэл шижир алтаар урлуулсан гэдэг түүний шил дэлхийн хаана ч байхгүй. Ганц Шилэн Цогоод л бий. Учир нь тэрбээр тусгайлан шилээ алтаар бүрүүлж, түмний дунд гангарч явдаг. Уг нь тэрбээр сэтгүүлч. Гэнэт л нам дагаж, сайд болтлоо үсэрсэн тэрбээр тунчиг хөрөнгөтэй болсон гэж яригддаг. Бүр зүүдэг нүдний шил нь хүртэл алтан рамтай байхаас харвал тэрбээр тамтаггүй баяжсан бололтой. Үүнээс илүү аархал гэж юу байх билээ. Тэр өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажилладаг.





