Авто замын түгжрэлийг бууруулах хэд хэдэн хувилбарыг Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үзэл бодлоо цахим хуудаснаа илэрхийлж, “Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаа, хууль дээр ажиллаж байгаа” гэж твиттер хуудастаа жиргэжээ.

Засгийн газрын хуралдаанаар дараах хувилбаруудыг хэлэлцсэн байна. Тухайлбал,
-Автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах,
-Насжилт өндөртэй автомашины импортын татвар, даатгалын төлбөр, лизингийн хүүг нэмэгдүүлэх,
-Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох,
-Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах,
-Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох,
-Шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох,
-Цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал дэвшүүлж байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд авто замын түгжрэлийн индекс 15 хувиар буурна хэмээн үзэж байгаа аж.

