Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам хэдэн жилийг завсарлаж буй.
Тэгвэл саяхан болсон Next top-2021 наадмын үеэр монголын үе топ моделиуд нэг дор цугларчээ.
Тэднийг зүүн гар талаас эхлэн танилцуулж байна. Хэрхэн өөрчлөгчдснийг уншигч та ажаарай.
2019 ОНЫ ТОП МОДЕЛЬ Н.САРНАЙ
Хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл-2019” наадмын топ модель загвар өмсөгч Н.Сарнай гуравдахь хүүхдээ төрүүлээд удаагүй. ТВ9 телевизийн нэвтрүүлэгч хийдэг тэрээр “Монгол модель” агентлагт харъяалагддаг. Загварын салбарт 16 жил ажиллаж буй туршлагатай загвар өмсөгч юм. Түүний гэр бүлийн хүнийг Б.Азжаргал гэдэг бөгөөд Төрийн албанд ажилдаг, мөн л загвар өмсөгч залуу. Тэд гурван хүүхэдтэй.
2018 ОНЫ ТОП МОДЕЛЬ Т.ХАЛИУНАА
“Гоёл-2017” наадмын “Топ модель” өргөмжлөлийн эзнээр Т.Халиунаа шалгарч байсан билээ. Анх 13 настайгаасаа загварын тайзнаа хөл тавьсан тэрбээр тухайн оныхоо “Гоёл” наадамд орохгүй гэсэн бодолтой байсан гэдэг. Гэхдээ жил бүр хүсэн хүлээдэг, хүндэтгэдэг наадам нь учраас оролцохоор шийдсэн нь түүнийг топ модель болох замд хөтөлжээ.
АЗИЙН ТОП МОДЕЛЬ С.САРНАЙ
Тоон дотор үсэг гэгчээр энэ бүсгүйчүүдийн дунд ганцхан гадаадаас төрсөн топ модель бол С.Сарнай. Азийн топ модель, загвар өмсөгч С.Сарнай сүүлийн үед өөрийнхөө олон талын авьяасыг гайхуулаад амжсан. Дуулвал дуулж, жүжиглэвэл жүжиглэж, фото модель болж ёстой л нэг хөрвөх чадвараа утгаар нь харуулсаар байгаа бүсгүй эх орноо төлөөлөн “Miss & Mrs Asia Noble Queen International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод тэргүүн титмийн эзнээр шалгарч байсан удаатай.
2012 ОНЫ ТОП МОДЕЛЬ Ч.УНДРАХ
Загвар өмсөгч Ч.Ундрах 2012 онд “Топ модель” өргөмжлөл хүртсэн. 12 жил загварын тайзнаа хөдөлмөрлөхдөө ил, далд “фронт”-д ижил үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Учир нь тэрбээр өнөөг хүртэл загвар өмсөхийн хажуугаар өөрөөсөө илүү бусдыгаа үзэсгэлэнтэй харагдуулах нүүр будагчийн ажлыг давхар хариуцаж ирсэн юм.
2015 ОНЫ “ТОП МОДЕЛЬ” Х.БАДАМГЭРЭЛ
Загвар өмсөгч, “Андра модель” агентлагийн захирал Х.Бадамгэрэл загварын ертөнцөд эрт хөл тавьсан ч 2015 онд буюу нэлээд хожуу “Топ модель” өргөмжлөл хүртсэн гэж хэлж болно. Түүний биеийн өндөр 178 см, биеийн харьцаа 86:59:87. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа мисс бүсгүй айлын ууган охин гэдэг.
2002 ОНЫ “ТОП МОДЕЛЬ” Д.ЦОЛМОН
Загвар өмсөгч Д.Цолмон 2002 онд “Топ модель” өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 12-ны өдөр төрсөн. Анх 17 настайгаасаа загвар өмсч эхэлсэн байна. Түүний хувьд “Том Цолмон” гэсэн тодотголтой, загварын ертөнцийн “акул”-уудын нэг. “Шилмэл загвар” компанид олон жил багшилж байгаад загварын тайзаа орхисон ч гэсэн түүний шавь нар болох топ модель О.Уянга, О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Б.Гэрэлчулуун нарын загварын ертөнцөд цахиур хагалж яваа олон чадварлаг моделиуд байдаг нь сайн модель төдийгүй сайн багш байсны илрэл гэж хэлж болно.
2013 ОНЫ “ТОП МОДЕЛЬ” О.ПҮРЭВДУЛАМ
Загвар өмсөгч О.Пүрэвдулам 2013 оны топ модель юм. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсчээ. “Дурлалын ангууч” уран сайхны кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлч, мөн электро транс, поп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Catwalk” охидын хамтлагийн ахлагч билээ. “Asian Model-2011” уралдаанаас “Asian Star Model” өргөмжлөл хүртэж байсныг нь тодотгох хэрэгтэй.


