УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг танихгүй хүн ховор.
Хэзээ өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрээр эмэгтэйчүүдийн жаргал зовлонгийн талаар “Эрчүүд бүхнийг нууж байдаг” хэмээн ярьж, эмэгтэй хүний аз жаргал, эрх мэдэл, мөнгөнөөс илүү гэр бүлийн уур амьсгалаас бий болдог тухай өгүүлжээ.

Тэрээр “Эмэгтэй хүн багаасаа л тийм эрх мэдэл, ийм хөрөнгөтэй гэхээсээ илүү гэргий болно, ээж болно гэсэн ухамсартайгаар мөрөөдөж өсч өндийдөг. Ер нь бол сайн нөхөртэй, нөхөртөө хайрлуулсан, нөхөр нь ойлгодог эмэгтэй л илүү аз жаргалтай байдаг.
Түүнээс биш дарга эмэгтэй л аз жаргалтай байдаггүй. Эмэгтэй хүний аз жаргалын шалгаан чинь эр хүн юм. Гэтэл монголчууд бид эр хүнийхээ асуудлыг орхигдуулчихаад эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх гэж яриад байгаа нь ойлгомжгүй юм. Өнөөдөр манай улсад 80 мянга гаруй өрх толгойлсон ээж байгаа бол 20 мянган өрх толгойлсон аав байна. Тэдний гар дээр 350 мянга гаруй хүүхэд өсч байна. Монголын гэр бүлийн гуравны нэг хүүхэд бүтэн биш, аз жаргалгүй гэр бүлд өсч байгаа юм.
Өнөөдөр “амтай” эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гээд л яриад байдаг, амьдрал дээр эрчүүд нь илүү хүчирхийлэлд өртөж байгаа юм байгааг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн асуудлаа бүхнийг ээждээ, найздаа ил гаргаж ярьдаг бол эр хүн бүхнийг сэтгэлдээ нууж байдаг. Судалгаанаас харахад, монгол эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин илүү хүчирхийлэлд өртсөн байдаг. Гэвч тэд хэзээ ч асуудлыг ил гаргаж, хэнд ч ярьдаггүй. Зүгээр л архи ууж хямралаа тайлдаг. Тэдний өвчлөл маш их.
Нас баралт эмэгтэйчүүдийнхээс 10 насаар бага байдаг. Гэр бүл бүтэн байлгая, эмэгтэй хүн аз жаргалтай байя гэвэл эрчүүдээ анхаармаар байна.
Эрэгтэй хүүхэдтэй ээж бүр одооноос энэ асуудлыг ярьж, ирээдүйн нөхөр, аав болох хүүгээ гэр бүлийн хүчирхийлэлгүй, аз жаргалтай гэр бүл бүтээхэд нь анхаармаар байна” гэжээ.

