Улсын драмын эрдмийн театраас төрөн гарсан залуу хос бол Соёлын тэргүүний ажилтан Г.Алтангэрэл, Г.Номуун нар юм.
Тэд авьяаслаг уран бүтээлч гэдгээ энэ цаг үеийн тайз, дэлгэцийн дүрээрээ харуулж буй залуу уран бүтээлчид. Тэд өдгөө Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг олноо “дэлхийн энергийн төв” гэгдэх Хамрын хийдээс энерги эрч хүч авч буйгаа цахим хуудаснаа тэмдэглэжээ.
Залуу жүжигчин Г.Номууны хувьд МҮОНТ-ийн “Босго тотго”, “Нарны жим” олон ангит кинонд , сургуулиа төгсөөд “Эмоци” продакшнд ажиллаж байхдаа “Гурван найз” кинонд тоглосон бөгөөд 2016 онд ганц хүний жүжгээр “Гэгээн муза” наадмын шилдэг эмэгтэй дүрийн шагнал мөн 2018 онд “Гэгээн муза” наадмаас шилдэг залуу уран бүтээлч шагналыг хүртэж байсан.
Тэрбээр Улсын драмын театрын жүжигчин болоод удаагүй байхдаа Жульеттад тоглосон билээ. Харин Г.Алтангэрэлийг “Аав”, “Зангараг”, “Ану хатан” зэрэг киноны дүрээр нь, театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжгийн Тибальт , мөн “Тэнгэрийн хүү” жүжгийн Модун шаньюугийн дүрээр хүмүүс сайн мэдэх биз.
Жүжигчин Г.Алтангэрэлийн хувьд багаасаа л урлагт их ойр өссөн байна.
Учир нь түүний аав Т.Ганболд нь хөгжмийн зохиолч хүн учраас тэдний гэрээр тухайн үед яруу найрагч О.Дашбалбар, Д.Сосорбарам гээд нэртэй хөгжмийн зохиолчдын хөл тасардаггүй байсан аж. Аав нь түүнийг бага байхаас л гэртээ төгөлдөр хуур хөгжим дээрээ хөгжмөө зохиож, заримдаа дуу дуулна. Тиймдээ ч багын дуучин болох мөрөөдөлд хөтлөгдсөн хүүхэд байсан гэдэг.
Тэгээд наймдугаар анги төгсдөг жил нь аав нь түүнд зөвлөхдөө “Дуучин сайхан мэргэжил л дээ. Гэхдээ жүжигчин болох юм бол дуугаа ч дуулна, жүжиглэнэ, бүжиглэнэ гээд бүгдийг хийдэг мэргэжил. Чи нэг бодож үзээч” гэж зөвлөжээ. Аавынхаа зөвлөгөөний дагуу Г.Алтангэрэл хүү драмын театрт очиж “Гол дүрийн амрагууд” жүжгийг үзэж, тэр жүжгээс жүжигчин болох хүсэлд автагдсан аж.
Харин Г.Номууны ээж Улсын драмын эрдмийн театрын эмэгтэй жүжигчдийн хувцасны эрхлэгч учраас түүний бага нас драмын театрт өнгөрсөн гэж хэлж болно. Тиймдээ ч жүжигчин бүсгүй багаасаа л энэ улаан театрт жүжигчнээр ажиллана гэж мөрөөддөг байж. Ээжтэйгээ ажил дээр нь хамтдаа ирж, театрын бүх жүжгийг алгасалгүй үзэж, үгийг нь хүртэл нэг бүрчлэн цээжилчихдэг хүүхэд байсан тухайгаа ярьсан юм. Тэр л хүсэл мөрөөдлөөрөө өнөөдөр мөрөөдлийн театртаа жүжигчнээр ажиллаж байгаагаа нуудаггүй.
Хос залуус Соёл урлагийн их сургуулийн оюутан цагаасаа л бие биенээ таньдаг байсан бөгөөд Жүжигчин Г.Алтангэрэл гуравдугаар курсийн оюутан байхад Г.Номуун нэгдүгээр курсийн оюутан байжээ. Танилцсан тухайгаа жүжигчин Г.Алтангэрэл “Би чинь урт үстэй. Хүн болгоноор үсээ сүлжүүлдэггүй. Зөвхөн ээж, эгчээрээ л сүлжүүлнэ. Тэгээд заримдаа ажил дээр ирэхээрээ “Ахынхаа үсийг сүлжээд өгөөч” гэж ганцхан Г.Номуунд л хэлдэг байлаа. Тэр мөчөөс л бидний хайрын гал ассан юм уу даа. Бараг үсээрээ л даллачихсан юм уу даа” хэмээн хошигнодог.
Харин жүжигчин Г.Номуун ярихдаа “Би чинь Алтангэрэлийг “Ахаа” гэж дууддаг байсан. Би гуравдугаар курсийн оюутан байхдаа “МҮОНРТ-ийн “Босго тотго” олон ангит уран сайхны киноны зураг авалтад явж байсан. Тэр үед Алтангэрэл маань Османы дүрд тоглож, би цэргийн албан хаагчийн эхнэр Янжинлхамын дүрд тоглосон. Залуу хосын сонсох дуртай дуу “Метро” хэмээн киноны дуу. Учир нь тэр л дууг сонсохоор тэдний анхны учрал, болзоо, үерхлийн дурсамжийг эргүүлэн авч ирдэг байна.
Жүжигчин Г.Алтангэрэл хайрт Жульяттадаа гэрлэх санал тавихдаа гэгээн хайрын валентины баярын өдөр тавьсан нь хэзээ ч мартагдашгүй мөчүүдийн нэг байжээ. Г.Алтангэрэл “Театрын уран бүтээлчид маань баярын өдрүүдэд ар араасаа тоглолт ихтэй байдаг шүү дээ. Тэгээд 2015 оны хоёрдугаар сарын 14-нд том хүү маань ээжийнхээ гэдсэнд байсан. Миний хувьд гэрлэх саналаа албан ёсоор тавиагүй байсан. Бас хайртыгаа баярлуулмаар санагдаад ерөнхий найруулагчаасаа зөвшөөрөл авч, ажлынхантайгаа хуйвалдсан. Тэр өдөр театрын тайзнаа “Хэлж зүрхлээгүй хайр” жүжиг тоглож байсан юм. Тэр жүжигт оюутан цагийн амьдрал гардаг, дундуур нь текст хэлдэг хэсгүүд байдаг. Яг тэр хэсэгт би гэрлэх саналаа тавьсан. Үзэгчид бол жүжгийн нэг хэсэг юм байна гэж хүлээж авч байсан” гэжээ.
“Тэр үед би юу ч мэдээгүй байсан. Гэгээн хайрын баярын өдөр бид багадаа л хоёр тоглолттой байдаг. Тэгсэн чинь намайг яг тайзан дээр урагшаа гаргаж ирээд гэрэл зөвхөн бид хоёр дээр тусаад л ханийгаа “Надтай гэрлээч” гэхэд нь би юу ч хэлж чадахгүй уйлаад байсан. Уйлж байх дундаа “Тэгье” гэж хэлээд л тэр өдөржингөө баярласандаа уйлж байж билээ. Манай театрынхан хүртэл бид хоёрын баярыг тэмдэглэж, сайхан өдөр болж өнгөрсөн. Одоо ч гэсэн тэр мөчийг манай театрынхан маань ярьдаг. Миний хувьд мөрөөдлийнхөө театрын тайзнаа мөрөөдлийнхөө залуугаас гэрлэх санал хүлээн авах нь тэр болгон тохиох мөч биш. Тийм учраас тэр мөч бол миний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн маань нэг” хэмээн Г.Номуун мөн ярьжээ.
Драмын театрын отгон хосууд өдгөө гурван хүүгийн аав ээж болон амар сайхан амьдарч байна.