Монголын орчин үеийн хөгжмийн урлагт болон залуустаа реп, техно урсгалыг анхлан мэдрүүлж байсан “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай буюу Б.Баяржаргалыг танихгүй хүн гэж үгүй.
Түүнийг үзэгч олон нь этгээд чамин хувцаслалт, үндсэрхэг үзэлтэй нэгэн гэдгээр нь ч андахгүй мэддэг. Тэрбээр өдгөө “Next star” студийн захирал төдийгүй уран бүтээл, бизнесийн одтой яваа олны танил эрчүүдийн тоонд зүй ёсоор ордог болсон.
“Прага” плазад “ВВ” нэртэй өөрийн караокегоо ажиллуулж, ресторан нээсэн Маадай өнгөрсөн хугацаанд халаасаа чамгүй зузаатгасан гэдгийг ойр дотныхон нь ярьдаг, бас хэлдэг.
Хөөрхөн төрхтэй, ялдам хоолойтой үзэсгэлэнт эхнэртээ гар татдаггүй гэгддэг тэрээр хэдэн жилийн өмнө эхнэрийнхээ нэрний эхний үсгээр нэрлэгдсэн “А” салоноо нээж, олны танил уран бүтээлчдэд урилга тарааж байсан. Гэвч цар тахлын улмаас салоны үйл ажиллагаагаа санасандаа хүртэл явуулж чадаагүй. Харин тэрээр халдварт өвчин намжсан энх цаг ирж буй энэ үед дахин эхнэрийнхээ бизнест “мөнгө хаяж”, өөрөө ч давхар ханцуй шамлан оролцохоор болжээ. Тиймдээ ч үсчин Б.Хосбаярыг үсний “гайхалтай” шоунд үзэсгэлэнт эхнэртэйгээ хөтлөлцөн ирэхээ мартсангүй.
Уран бүтээлээр зогсохгүй бизнесийн амжилтаараа ч аз одтой яваа Маадай маань хувийн амьдралаа хэнээс ч дутахааргүй төвхнүүлсэн гэдэг.
Дуучин залуугийн анхны эхнэр нь Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа гэдгийг хүмүүс андахгүй. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн цагаас хойш олон ч бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрбээр өмнөх гэрлэлтээсээ нэг хүүхэдтэй. Харин сүүлд нь олны танил бус даруухан бүсгүйтэй гэр бүл болсноор хоёр ч хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд царайлаг сайхан эхнэрээрээ хаана ч явсан гоёх дуртай юм билээ.



