Тайз, дэлгэцэд мөнхөрсөн, урлагийн алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхэд, ач зээ нар авьяас, мэргэжлийг нь өвлөж яваа жишээ олон.
Тэдний нэг болох дуу оруулагч, жүжигчин О.Оюуныг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр Монголын сор болсон, Ардын жүжигчин А.Очирбатын ганц охин.
У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Меркуцио, Ф.Шиллерийн “Дээрэмчид”-ийн Франц Мор, Д.Намдагийн “Хярааны хонхорт”-ын харуул занги зэрэг 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, “Баавгай дуулах уу”, “Тэмдэгтэй хүн”, “Урилга”, “Бэлэн дарга”, “Хүү”, “Бригадын дарга”, “Бор, Төмөр хоёр” зэрэг жүжгийн зохиол бичин, “Тунгалаг Тамир”, “Мандухай сэцэн хатан” зэрэг 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн А.Очирбат агсныг мэдэхгүй хүн үгүй.
Жүжигчин О.Оюун аавынхаа мэргэжлийг өвлөж, Хүүхэд, залуучуудын театраас уран бүтээлийн гараагаа эхлэн, дэлгэцийн уран бүтээлд тоглохын зэрэгцээ, орчуулгын киноны дуу оруулагч жүжигчнээр ажиллаж, үзэгчдийн танил болсон юм.










