Кино театруудад гарч буй монгол кинонуудын дундаас 2021 онд үзэгчдийн үзэлт болон ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор “Манайд нэг удаа” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино тодорчээ.

Түүний араас “Хүний цаана”-2 буюу Хуулиас гадуур нэртэй кино аман хүзүүдсэн бол, “Гангстерууд”, “Хотулан гүнж” уран сайхны кинонууд гурав, дөрөвдүгээр байрт оржээ.
Харин “айргийн тав”-д “Khokho” буюу “Хөхөө” уран сайхны кино оржээ.
Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлж байх ажлыг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Гэвч сүүлийн жилүүдэд тус үйл ажиллагааны хэрэгжилт зогсонги байдалд байсан юм.

