“Чиний минь ирэх харгуй”, “Аминаас үнэтэй эх орон” зэрэг олон дуу тань ард түмний зүрх сэтгэлд хоногшсон уран бүтээлч бүсгүй бол Монгол Улсын Гавьяат жүжигчин, ХЦДБЧ-ын дуулах ур зүйн багш, ахлах дэслэгч Б.Ганчимэг.

Багаасаа дуучин болох мөрөөдөлтэй явсан тэрээр Улаанбаатар хотын унаган хүүхэд ажээ.
Анх түүнийг аав нь 1982 онд Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” чуулгад СГЗ Ч.Буянхишиг багшид шавь оруулсан аж. Тэгээд л бүхий л уралдаан, тэмцээнд оролцдог, нийгмийн идэвхтэй хүүхэд болсон гэдгээ тэр дурсах дуртай. Гэвч түүнд дуучин болох хүртэл олон саад бэрхшээл тохиолдож байжээ.
Энэ тухайгаа тэрээр нэгэн хэвлэлд дурсаж ярихдаа “Урлагийн л хүн болно гэж гүйж явтал нэг өдөр ээж минь хүнд өвдчихсөн. Тэгээд л эмч болж ээжийгээ эмчилнэ гээд шийдчихлээ. X ангиа төгсөөд Анагаахын дээд сургуулийн хүний их эмчийн ангид шалтгалт өгтөл оноо дутаад орж чадаагүй. Тэгээд сувилахуйн сургуульд орчихсон. Гэсэн ч нөгөө нэг урлагийн хүн болох мөрөөдлөө орхиж чадахгүй л явлаа. Оюутны урлагийн их наадамд байнга оролцдог байв. Сургуулиа төгсөөд Клиникийн дутуу нярайн тасагт сувилагчаар орсон. Энэ үед их хүнд байлаа. Нэг ээлжинд дөрвөн сувилагч ажиллана. Хүүхдийн арчилгаа, сувилгааг сувилагч л хийдэг. Тасгийн эрхлэгч Монгол Улсын Хүний гавьяат эмч З.Гэрэлмаа ер нь манай ажлынхан бүх зүйлд дэмжиж, чөлөө өгөөд л тэмцээн уралдаанд явуулна. Тэгээд СУИС-д шалгалт өгтөл, шүүгчээр Зууны манлай дуучин Н.Норовбанзад багш ажиллаж байгаад намайг Улсын дуу бүжгийн чуулгад авчихсан. Сайн дуучин болно гэж таньсан юм уу даа гэж би боддог.
Ингээд л хоёр боломжоос зэрэг атгачихсан азтай хувь заяатай хүн болсон” хэмээн ярьжээ.

