Үндэсний статистикийн хорооноос Сар шинийн баяраар өргөн хэрэглэгддэг хүнсний зарим нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн статистикийг танилцууллаа.
Ингэхдээ жил бүрийн нэгдүгээр сарын 29-ний байдлаар тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнд ямар үнэтэй байсныг харьцуулан харуулжээ.
Тухайлбал, хонины ууц цар тахлаас өмнө буюу 2019 онд дээд тал нь 330,000 үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 175,000-475,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх жилүүдээс 16.7-43.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хэвийн боов 2021 онд 2,775-3,200 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан бол өнөөдрийн байдлаар 3,985-4,840 төгрөг болж нэмэгджээ.
Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд
Савласан нэгдүгээр гурил 1,304-1,394 төгрөг болж 6.9 хувиар,
Хонины ястай мах нэг кг нь 10,579-11,558 төгрөг болж, 9.3 хувиар,
Үхрийн ястай мах нэг кг нь 12,604-14,062 төгрөг болж, 11.6 хувиар,
Савласан шингэн сүү нэг литр нь 2,841-3,266 төгрөг болж, 15 хувиар тус тус өссөн байна.