“Yuve Yuve Yu”, ”Wolf Totem” хэмээх хоёр бүтээлээ YouTube-д гаргаснаас хойш 8-9-хөн сарын хугацаанд нийт 27 сая гаруй хандалт авсан, бусад хөгжмийн хуудсуудыг оруулбал 70 гаруй саяын үзэлт, хандалт авч дэлхийн рокеруудын сонорт хэдийнэ хүрч, таашаалд нийцсэн “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Дашдондогыг танихгүй хүн ховор.
Монголын рок попын тогоонд олон жил чанагдаж яваа тэрээр The Hu хамтлагтай 8 жил хөдөлмөрлөсний хүчинд ийнхүү дэлхийд танигдаж эхэлсэн байна. Тэрээр аавыгаа өнгөрснөөс хойш аавдаа, өвөг дээдэстээ зориулж нэг дуу хийхсэн гэж удаан бодож явсны эцэст хөөмий, хархираагаар уран бүтээл хийх санаа олжээ.
Энэ тухайгаа тэрээр “Товшуур хөгжим Хүннү гүрний үед үүссэн гэдэг. Товшуур хөгжмөөс хойш хэдэн зууны дараа ч юм семчок буюу нум гарч ирснээр хуур хөгжим бий болсон. Хуур хөгжим хөгжлийнхөө явцад морин толгой, морины дэл сүүлээр нь чавхдас хийх зэргээр баяжиж, Их Монгол Улсын үед Чингис хаан хуур хөгжмийг Монгол төрийн гол хөгжим хэмээн зарласан байдаг. Тэгэхээр товшуур хөгжим хуурын эх, эцэг нь юм байна. Тиймээс л Хүннү рок гэж нэрлэхээр шийдсэн. Хүннүгийн үеийн хоёр чавхдаст товшуур хөгжмийн гол хөг нь кварт ба квинт хөг байсан гэж бодож байна. Кварт Квинт хөг чинь дэлхийд одоо тоглоод байгаа рок хөгжмийн гол хоёр хөг нь шүү дээ.
Рокууд цахилгаан гитарын доод хоёр утсан дээр л гол төлөв тоглодог. Гэтэл энэ хоёр хөгөөр аль Хүннү гүрний үед бидний өвөг дээдэс тоглож байжээ” хэмээн ярьжээ.