Одоогоос 10-аад жилийн өмнө UBS телевизээс “To Be or Not To Be” театрчилсан шоуг үзэгчдэд анх удаа өргөн барьсан. Тус шоуны анхны ялагчаар төмөр замын ажилтан Ч.Ганбаатар гэх мэргэжлийн бус “жүжигчин” залуу тодорч байв.

Шоунд ялснаас хойш урлагт эргэлт буцалтгүй орсон тэрээр саяхан нээлтээ хийсэн “Нэхүүл” кинонд дүр бүтээжээ. Түүний хувьд хүсэл сонирхлоороо жүжиглэхээс гадна суудлын воган ДЕПО-д ажилладаг “хос морьтой” нэгэн.
Ч.Ганбаатар шоуны ялагчаар тодорсныхоо дараа “Англи улсад аялах эрх”-ээ гардан авч, мөрөөдлөө биелүүлж, алдарт Шекспирийн нутгаар аялаад ирсэн. Тэрээр UBS телевизийн уран бүтээлчид, Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын хамтаар аяласан байдаг.
Британий хөгжил цэцэглэлт, Хатан хааны ордон, Шекспирийн жүжгүүд тоглогдож байсан алдарт Глоб театр, Стрэтфорд хот, Шекспирийн гэр музей,Лондон хот Темза мөрнөөр хийсэн аялал, Хайд паркаар хийсэн аялал, Алберт Холлын театрыг үзэж сонирхсон гэдэг.

