УДЭТ бол жүжигчдийн чансааг шалгасан хамгийн өндөр босготой байгууллага. Үе үеийн олон чанартай уран бүтээлчдийг “төрүүлсэн” тус театр хоёр хос гэр бүлтэй.

Нэг нь АЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарын гэр бүл бол өнөөх нь залуу жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар.
Үе үеэсээ төрсөн тэдгээр уран бүтээлч гэр бүлүүд УДЭТ-т үнэнчээр зүтгэж яваа юм.
П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуай нарын хайрын түүхийг сөхвөл, тэдний дурлалын түүх цагтаа жинхэнэ дуулиан тарьж байсан гэдэг.
Хаалттай нийгмийн үед бүхнийг сөрөн тэмцэж, дурлалаа амьдрал болгож байсан халуухан намтартай хоёр хос маань багагүй насны зөрүүтэй. 1970-аад оны тэр өдрүүдэд Ж.Мэндбаяр гуай театртаа орон зай, нэр хүндээ олчихсон, өөрийн гэсэн тогтсон амьдралтай, хөөрхөн хүүгийн ээж болчихсон байсан үе.
Харин Д.Цэрэндагва дөнгөж оюутны ширээнээс босч, театрын босгоор алхаж, уран бүтээлийн гараагаа эхэлж байсан залуухан эр. Ёстой аргагүй хайраар холбогдсон хоёр хосыг хэд хэдэн удаа хурлаар оруулж, Д.Цэрэндагвыг гэр бүл үймүүлсэн, болж бүтэхгүй нөхөр хэмээн донгодож, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ аваад ч дийлээгүй гэдэг. Хурал дээр хоёулаа одоо тэгэхгүй гээд ам өчгөө өгчихөөд хурлаас гарангуутаа байшингийн булан тойроод л буцаж уулзаад, хөтлөлцөөд уйлаад гүйчихдэг байсан тухайгаа хожим дурссан нь бий.
Тэдний дурлалыг үеийнхэн нь хамжааргагүй хайр хэмээн өхөөрдөн ярьцгаадаг. Тэгж явсаар нэг гэрт орсон тэд одоо Монголын шилдэг гэр бүлүүдийн нэг. Ж.Мэндбаяр гуай гэр бүл, эр нөхөр, үр хүүхдээ бүсгүй хүн хэрхэн дээдэлж, асарч халамжлах талаар амьдралын том лекц уншихаар гайхалтай эзэгтэй гэгддэг.
Харин Г.Алтангэрэл, Г.Номуун нар дээд доод курсын оюутнууд байсан ч төдийлөн нэгнээ олж хараагүй.
Харин УДЭТ-т орсныхоо дараа нэгнээ илүү таниж, дотноссон бөгөөд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон билээ.

