Уржигдар буюу 2026.07.22-ны өдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбат, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Дүүрэн, “Гэрэгэ тауэр”-ын эзэмшигч гэх П.Хишигбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцлээ.
Улмаар анхан шатны шүүхээс хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа хийлгэхээр буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж, Т.Дүүрэнд авсан хилээр гарах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж прокурорын хяналтад буцаасан. Түүгээр ч зогсохгүй хадгаламжаас авсан нэг сая ам.долларыг буцаан төлсөн эх үүсвэрийг ч нарийвчлан шалгах шаардлагатай гэсэн утга бүхий магадлал гарлаа. Шүүгдэгч Т.Дүүрэн өмгөөлөгчийн хамт есдүгээр сарын дунд хүртэл хилийн хоригоо цуцлуулах хүсэлт шүүхэд гаргасан юм. Ингэхдээ ээжийгээ БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай, түүнийг асран хамгаалдаг хүн нь өөрийгөө гэсэн утга бүхий хүсэлтийг шүүхээс уг хүсэлтийг хангаагүй юм.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3-ын улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгч, зохион байгуулагчаар хамтран оролцсон хэмээн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Тэднийг БОАЖЯ-наас хэрэгжүүлэхээр зарласан “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийг хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тендерийн хөрөнгийг завшсан хэмээн буруутгасан юм. Уг тендерт ХБНГУ-ын “B2 Bio-to-power Gmbh” гэх компанийг шалгаруулахад Т.Дүүрэн сайд Н.Цэрэнбатын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байхдаа гол нөлөөтэй оролцож, хуульд заасан шаардлага хангахгүй компанитай гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэрэгт холбогдсон билээ. Ингэж хууль бус тендерийг шалгаруулсны улмаас улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулж, өөрсдөө уг мөнгийг хувааж авсан нь тодорхой болсон. Тэд Германы дээрх компанитай хамтран ажиллахаар болсон ч мөнгийг 2019 онд шилжүүлж аваад зувчуулсан байдаг. Ингэхдээ элчин зөвлөх гэх албан тушаал хашиж байсан Баттөмөр гэдэг хүний нэр дээр ижил нэртэй аж ахуйн нэгж байгуулаад Н.Цэрэнбат, Т.Дүүрэн, П.Хишигбаяр дөрвүүл мөнгийг нь хувааж авсан аж. Хуваан авсан мөнгөнөөс нь хувь хүртсэн иргэний хариуцагч Баттөмөр гэх хүнийг хэрэгт татаагүй, түүний авсан олон сая төгрөгийг хэрхэн гаргуулах талаар яллах дүгнэлтэд тусгаагүй нь уг хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах гол үндэслэл болсон байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч анхан шатны шүүхийн шүүгчийн уг захирамжийг хэвээр нь үлдээсэн. Түүнчлэн Т.Дүүрэнгийн МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, П.Хишигбаярын хамаарал бүхий дансаар дамжуулан их хэмжээний ам.долларыг коин болгонзавшиж мөнгө угаасан гэх хэргийг нэгтгэн шалгах ёстой гэж үзсэн юм.
Т.Дүүрэн арилжааны нэгэн банкан дахь МҮХАҮТ-ын хадгаламжийн данснаас нэг сая ам.доллар буюу 2.8 тэрбум төгрөг авч, 1.9-ийг нь П.Хишигбаярын эхнэр Б.Нандин-Эрдэнэ, түүний дүү Б.Насан-Эрдэнэ нарын дансаар дамжуулан олон удаа коин худалдан авч, мөнгө угаасан хэрэгт буруутгагдсан. Т.Дүүрэн, Б.Нандин-Эрдэнэ, Б.Насан-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн 22.12-1-ийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан”, 18.6- 1-ийн мөнгө угаасан гэх заалтын дагуу яллагдагчаар татсан билээ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

