Биеийн тамир спортын улсын хороо нь хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэгцээнд нийцүүлэн биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэн олон талт, тэгш, хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хэрэгжүүлэх замаар бие бялдрын боловсролтой, ёс суртахууны төлөвшилтэй, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх зорилготой байгууллага. Харамсалтай нь тус байгууллагад мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, дарга нь удирдлагаар хангаж чаддаггүй, хамаатан саднуудаараа ажилладаг “цус ойртсон”, хүний гарын үсэг дуурайж зурдаг, ажлын байран дээрээ архидан согтуурдаг, спортын наадам арга хэмжээ бүрээс мөнгө “иддэг” зэрэг олон алдаа зөрчил бугшсан газар болжээ. Тэгвэл энэхүү будлианы эхлэл болгож тус байгууллагад өнөөдөр өрнөж буй будлиануудыг цувралаар хүргэж байна.
Энэ удаагийн цувралд бид Биеийн тамир спортын улсын хороо гэх байгууллага 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээ хэрхэн будлиан “хутгасан”-ыг дараах долоон жишээгээр тайлбарлан хүргэж байна.
Нэг. Он, тооллоо алдаатай тэмдэглэсэн: Монгол Улсад 1921 онд Ардын хувьсгал ялж, 1922 онд “Ардын хувьсгалын нэг жилийн ойг тэмдэглэх тухай” Намын төв хороо тогтоол гаргаж уг ойн гол арга хэмжээг Цэргийн яаманд даалгажээ. Энэ дагуу Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар нь 30 дугаар тушаалаа гаргасан. Уг тушаалд “Орос, Монгол цэргүүдээс сонгон авч жагсаал үйлдвэл зохино. Үүний бэлтгэл ажлыг батальоны хэмжээнд хийж үзүүл” гэжээ. Уг наадмыг Яармагийн дэнжид баярын жагсаалтай, цэрэг эрсийн олон төрлийн тэмцээнтэй явуулав. Ийнхүү үндэсний баяр наадмаа хийн, эрийн гурван наадмаа зохион байгуулсанаар Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүссэн гэж спортын эрдэмтэд үзэн, энэ дагуу тэмдэглэж ирсэн.
БТСУХ-оос биеийн тамир, спортын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярыг 2022 онд хийх бус 2024 онд тэмдэглэсэн. Харин 1924 онд бол МХЗЭ-ийн Төв хороонд “Биеийн тамирыг сайжруулах хэлтэс” байгуулагдсан юм. Хэрэв 2024 онд энэхүү шийдвэрийг үндэслэсэн бол “Монгол Улсад биеийн тамир, спортын төрийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр” хэмээн нэрлэж, тэмдэглэх байсан. Нэрээсээ эхлэн мордохын хазгай явсан ойн баярт БТСУХ-оос татвар төлөгчдийн олон сая төгрөгийг гарын салаагаар, үр дүнгүй зарцуулсаар байсан юм.
Хоёр. Засгийн газрын шийдвэр гараагүй байхад мөнгө зарж эхэлсэн.
Ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 197 дугаар тогтоол нь 2024 он 05 сарын 8-ны өдөр гарчээ. Энэ хүртэл БТСУХ-оос ойн арга хэмжээний хүрээнд хуулийн үндэслэлгүй олон тушаал гаргасан нь санхүүгийн баримтын хувьд бүгд хууль эрх зүйн чадамжгүй шийдвэрүүд гэж үзэж болно. Уг нь Засгийн газрын шийдвэр батлагдсаны дараа тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаж, санхүүгийн холбогдох шийдвэрүүдээ гаргах байсан юм. Үүнийг хяналт, хууль, хүчний байгууллагууд шалган тогтоох биз ээ.
Тухайлбал 2023 оны 12 сард гэхэд спортын 100 жилийн ойн таних тэмдэг болон ойн медалийн загварыг тус бүр нь 1-3,0 сая төгрөгний шагналын сантай уралдаан зарлаж шалгаруулсан. Түүнчлэн ойн баярын хүндэт тэмдгийг үйлдвэрлэхэд төсвөөс 50 сая төгрөг зарцуулсан байх юм.
Гурав. Спортын түүхийн номоо гараагүй. Биеийн тамир, спортын 100 жилийн ойгоор салбарын үүх түүхээ нэгтгэн, үе шатанд хуваан өгүүлсэн сонирхолтой ном гаргахыг олон зуун спортын мэргэжилтэнүүд шимтэн хүлээж байсан. Гэтэл ойн баяраар тэдэнд ямар ч хамааралгүй “Нүүдэлчдийн өв соёл ба спорт” гэсэн ядмагхан нэртэй, нүүдэлчдийн тухай, хадны сүг зураг нь спорттой хэрхэн холбоотой болохыг нуршан өгүүлсэн номыг уригдсан зочдод тараан өгчээ.
Олон хүн энэ номыг хүлээн аваад гайхсан. Уг нь спортын салбар нь нэг үеэ бодоход 60 гаруй эрдэмтэдтэй болж, салбарын ойн номоо бие даан бүтээхтэй болсон. Өнгөрсөн хугацаанд спортын олон холбоод өөрсдийн түүхийн номоо ч гаргасан байдаг. Хөрш ОХУ-ын Буриадын БНУ-д 2023 оны 12 сард ”БТС-ын төрийн байгууллага нь үүсэж хөгжсөний 100 жилийн ой”-н баяраа тэмдэглэн “Эрийн гурван наадмаас Олимпын наадам хүртэл” хэмээсэн сайхан нэртэй 6 бүлэг бүхий түүхийн номоо тусгайлан гаргасан. Гэтэл бид яагаад спортоо ойлгон мэдэрдэггүй, мэргэжлийн бус хүмүүсээр энэ салбараа удирдуулж, ийнхүү доромжлуулсаар байгаа юм вэ? Энэхүү номыг бүтээхэд 70 сая төгрөгийн хэвлэлтийн зардал гаргасан гэх албан бус мэдээлэл байна. Хэн энэ номыг хэвлүүлэх шийдвэрийг гаргаж, ажилдаа хариуцлагагүй хандсан юм вэ? Холбогдох хүмүүсээр нь номын төлбөрийг төлүүлэн, спортын түүхийн номоо уншихыг хүсч байгаа энэ салбарын хүмүүстээ зориулан 2024 онд нь багтаан түүхийн номыг нь бүтээн өгөх шаардлагатай байна.
Дөрөв. Ойн баярын баримтат кино. Ойд зориулан 90 сая төгрөгний өртөгтэй баримтат киног тендергүй шалгаруулсан тухай цахим орчинд урд нь гарч байсан. Ойг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэлийн эхнэр, нэг хороонд хэлтсийн даргаар ажилладаг Н.Оюунбатын найз болох Монголын паралимпын хорооны Гүйцэтгэх захирал Ж.Тунгалагийн экс нөхөр, сэтгүүлч Г.Золжаргалд давуу байдал олгон, эрх, албан тушаалаа ашиглан өгсөн байж болзошгүй. Гэвч ойн баярын хурлын үеэр дөнгөж 10 минутын хугацаатай үзүүлсэн баримтат кино нь спортынхоны сэтгэлд нийцсэнгүй, баримт материал багатай, их мөнгөөр хийсэн бүтээл болсон. Ийнхүү тамирчдад зориулах ёстой мөнгийг элдэв арга хэмжээ нэрээр зарцуулсан байна.
Тав. Баярын хурал зохион байгуулалтгүй болов. Энэхүү ойг тохиолдуулсан баярын нэгдсэн арга хэмжээ нь 2024 оны 05 дугаар сарын 24-нд МХАҮТ-д болж, “Биеийн тамир, спорт–Шинэ сэргэлт” улсын зөвлөгөөн хэмээн нэрлэсэн ёслолд зочдыг урьсан. Баярын хурал уу эсвэл зөвлөгөөн болсон уу? Ямар учиртай хувирган нэрлэж явуулсныг олон хүмүүс ойлгосонгүй өнгөрсөн. Улсын зөвлөгөөний хурлын үдээс өмнөх арга хэмжээг 89 сая төгрөг, оройны хүлээн авалтанд 100 гаруй сая төгрөгийн зардалтай зохион байгуулсан гэх мэдээлэл байгаа бөгөөд хэрэв уг төсвөөр зохион байгуулсан нь үнэн бол төсвийн хэмнэлт нь гэгч нь тус байгууллагад хэрэгжсэнгүй.
Гэвч салбарын баярын хурал дээр МҮОХ-оос үг хэлүүлэхээр Ерөнхий нарийн бичгийн даргыг нь тусгайлан урьж, хөтөлбөрт оруулсан атлаа олимпын аварга Э.Бадар-Ууганы бэлтгэсэн үгийг хэлүүлэхгүйгээр хөтөлбөрөөс хасч, МҮОХ-ны төлөөлөгч нь гомдон хурлаа хаян гарч, олимпоос өмнө хоёр хорооны хооронд ийнхүү ан цав гарч, шүүмжлэл бүхий албан тоот шидэлцэн байна.
Үүнд буруутай этгээдэд шийтгэх арга хэмжээ авахыг МҮОХ шаардсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч О.Гэрэлд одоог хүртэл арга хэмжээ авсан тухай мэдээлэл алга. Харин О.Гэрэл нь индэр дээрээс шагнуулаж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг төрийн ордоны индэр дээрээс шагнуулан, баярлаж явсан гэдэг.
Баярын хурлын ерөнхий илтгэлийг БТСУХ-ны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга хийж, “БТС-ын 100 жилийн түүхэн замнал”-ын тухай ярихдаа 2022 оныг хүртэлх БТС-ын үйл ажиллагааг оруулан ярьж, 2024 оны дунд хүртэл хүртэл 2 жил гаруйн хугацааны ажлыг огт орхигдуулан, 98 жилийн түүхийн тухай өгүүлсэн байдаг. Илтгэлийн доод агуулга, найруулга, логик дараалал зэрэг нь алдагдсан, түүхий боловсруулагдсан илтгэл байсан.
Зургаа. Төрийн одон, медалийн саналаа оройтуулсан нь: Ойн баярыг тохиолдуулан төрийн одон, медалиар шагнуулахаар төв, орон нутгийн олон хүмүүсийн нэрийг ирүүлсэн боловч, олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албанаас шагналын тодорхойлолт, материалыг нь Ерөнхийлөгчийн тамгын газарт оройтуулан, цагийг нь тулган өгсөнөөс салбарын олон арван хүн гавьяа зүтгэлээ цаг тухайд нь үнэлүүлж чадсангүй. Мөнгө шаардахгүй хийх ажил тэдэнд сонирхолтой биш байсан бололтой. Нэг үеийг бодоход ЕТГ-аас түүхэн тэгш ойгоо тэмдэглэж байгаа салбарынханд шагналыг нь тухайн үеэд нь шийдвэрлэж өгдөг болсон. Харин салбарын сайд нь сонгуульд нэр дэвшихээр горилон, цаг завгүй явснаас ийнхүү олон хүнийг хохироосон. Харин цөөн хэдэн хүнийг Ардын хувьсгалын 103 жилийн түүхэн ойгоор “Гавьяатын цол, тэмдэг”-ээр шагнасан байдаг.
Долоо. Ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал:
Нэг өдөр, хагасын хурлыг БТСУХ нь Монголын хамгийн үнэтэй хурлын танхим болох “Шангрила зочид буудлын цогцолбор”-т 107,664,000 сая төгрөгөөр хийсэн. Хурлын багц гэхэд 61,0 сая төгрөг, танхимын түрээсэнд 28,0 сая төгрөг төлсөн байдаг. Энэ газарт голдуу бэл бинчэнтэй, томоохон бизнезийн байгууллагын арга хэмжээ хийдэг. Гэтэл төсвийн нэг байгууллага нь татвар төлөгчийн мөнгөөр ийнхүү гараа угаан, үнэ мөнгийг мэдрэхгүй болжээ. Эрдэм шинжилгээний хуралд гадаадын цөөн орны төлөөлөл, голдуу ОХУ-ын илтгэгч нар ирсэн байлаа. Хурлын үеэр судлаач нарын илтгэлийг багтаасан товхимол номыг тараан өгдөг ба энэ удаагийн хуралд оролцогч нар энэхүү номоо цаг тухайд нь хүлээн аваагүй явсан.
Хурлын үеэр Шангрилагийн их танхимд гаргасан 100 жилийн ойн тухай мэдээлэл бүхий 20 орчим хөлтэй самбарт гаргасан ихэнх самбарын мэдээ нь алдаатай гарчээ. Баримт өгүүлж буй эдгээр түүхийн материалыг өнгийж харсан хүмүүс одоо болтол ичиж байсан талаараа ярьдаг. Ядаж анхны олимпын аваргын нэрийг самбарт зөв бичсэнгүй Н.Түвшинбат гэсэн байх жишээтэй. Үүнийг хэн хийж, хэн шалгасан тодорхой бус.
Энэ мэт түүхэн ойг өнгөцхөн төсвийн хөрөнгийг үр зарж түүхийг гуйвуулан алдаатай киног бүтээж, 100 жилийн ойн үзэсгэлэнд нэг бус алдаатай зурагт самбарыг байршуулсан. Баталгаа болгож бид дараах зургуудыг тухайн үед авч амжсан юм.
Эцэст нь тэмдэглэхэд 100 жилийн ойгоо 2024 оны 05 дугаар сард олон зуун сая төгрөгөөр нүсэр хийж, баяр бахдал болсон биеийн тамир, спортын салбарын удирдлагуудаас улсын төсвийн хөрөнгөөр Парист очсон. Тэд Парисын тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, олон медаль амлаж, төрийн дуулалаа эгшиглүүлэхийг зорьсон ч хэдэн арван тэрбум төгрөгийг үр дүнгүй зарж, үрэлгэн байдал гарган, хангалтгүй оролцсныг Монголын ард түмэн шүүмжлэн ярилцсаар байгаа ба Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ийнхүү зөрчсөн тул БТСУХ-ын одоогийн удирдлагуудад хариуцлага тооцох цаг нь болжээ.
Холбоотой мэдээлэл
1.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №1
https://www.tac.mn/article/145438
2.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №2 Ургийн Мод
https://www.tac.mn/article/145459
3.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №3 Ногоон пасспорт хэн дуртай нь авдаг
https://www.tac.mn/article/145495
4.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №4 Хурган даргын агсамнал
https://www.tac.mn/article/145502
5.Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №5 Н.Оюунбат хууль зөрчин давхар алба хашиж байна
https://www.tac.mn/article/145561
- Хариуцлагагүйн “зуд” нүүрэлсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будлиан №6 Олимп дэргэдээс нь үзэх дарга нарын төсөв 32 сая төгрөг
https://www.tac.mn/article/145614
Хариуцлагагүйн “зуд” нүүрлэсэн Биеийн тамир спортын улсын хороонд өрнөж буй будилаан №7 Спортын 24 холбоо санхүүгийн дэмжлэг авдаг ч тайлан, зарцуулалт нь “нууц”