ДУРСАМЖ
Хэд хоногийн өмнө Гашуунсухайт авто замаас манай нэг автомашины дугаарыг хэлж жолоочтойгоо холбогдохыг хүслээ. Жолоочийнхоо утсыг байтугай нэрийг нь ч бодоод олдоггүй.

Хэнээс асуухаа ч мэддэггүй, миний нэг л юм дутуу, байхгүй юм шиг…… асуудаг ганц хүн маань тэнгэрийн оронд явчихсан.
Жүгдэрринчингийн Энхболд….. Манай өвөөг Ринчинжүгдэр гэдэг байсан болоод ч тэр үү нэг л ойрхон нэр. Одоогоос 10 жилийн өмнө хилээс ирээд УБ т оффис дээр явж байтал манай хүний нөөц “энэ хүн хил дээр очиж ажиллах хүн байгаа юм. Та танилцаарай” гээд хүрэн савхин куртиктэй жаахан улаандуу шонтгор хамартай ид насны эртэй танилцуулсан нь Эбо маань байлаа. Танилцаад “хил очоод ажил төрлөө сайн ярья” гээд салсан тэрнээс хойш арван жил таньтайгаа хамт ажиллаж амьдарчээ.
Одоо эргээд дурсахад таньтай хамт ажилласан гэхээсээ илүү амьдарсан гэвэл зохилтой.
Хамт байхад хөгжилтэй, хүүхэд шиг хүний хэлсэн үгэнд шууд итгэдэг, тоглоом даах гэж найгүй тийм л нэг шударга эр байсан юм даа Эбо минь. Тэр нэгэн өдөр Мөрөнд хоол идээд сууж байхдаа таныг тэнгэрийн оронлуу явчихлаа гэхэд эхлээд итгээгүй шүү.
Охин чинь хэлсэн болохоор л итгэсэн дээ. Тэгэхэд цэлмэг байсан Мөрөнгийн тэнгэр бүүдийж, тэс хөлдүү байсан Дэлгэр мөрөн хүртэл уйлж харзлах шиг болсон.
Багийн бүх гишүүд дуугаа хурааж гадагшаа асгаруулах нь асгаруулж, дотогшоо өмөлзөх нь өмөлзөж унаа машин хүртэл уйлж гашуудан зам хороохоо байсан байлаа. Тиймээ тэр л өдөр та хамт олон, хайртай бүхнээ орхиод үүрд явсан байлаа.

Айлын ганц өргөмөл хүү, 10 жил ангийн дарга хийсэн, арван жилээ “ОНЦ” төгсөж, гадаадын дээд сургуульд явах эрх өвөртлөсөн ч аав ээж нь ганц хүүгээ хол явуулахгүй гээд тухайн үеийн ПДС-ийг Автын механик мэргэжлээр төгссөн. Ганц хүүгээ аав ээж нь бараг газар гишгүүлэхгүй өсгөж аав ээжийн дэндүү их хайранд бага насаа өнгөрөөсөн болоод ч тэрүү их уяхан, кино үзээд уйлж л сууна, охиноо дуулахад мэлмэрүүлж л харагдана. Таныгаа бид нар чинь эрхлүүлдэг байсан ч яаж аав ээжийн энтэй эрхлүүлэх билээ дээ.
Эбо маань дэндүү уяхан, дэндүү цагаахан, дэндүү итгэмтгий
тийм л дэндүү сайхан монгол эр байж билээ. Хүүхэд шиг болохоор нь хүн болгон тоглоом наргиан хийнэ. Тэглээ гээд хүнд гомдоод байдаггүй, төрийнхөндөө хэлэх үгээ шууд хэлчихдэг, хэдэн бор тээвэрчдийнхээ өмнөөс хэнээс ч айлгүй шулуухан ярьдаг, амьдралаа хойш тавьж ажлаа өмнөө барьсан сайн механик инженер байлаа та.
Хэдэн жолооч нартайгаа надаас далдуур хуйвалдаж чөлөө өгнө, нөгөөдүүлийгээ ч сайн өмөөрнө. Хүний амьдралын жаргал зовлонг ойлгодог, тээвэрчидтэйгээ найз шиг байдаг болоод ч тэрүү манайхан бүгд Эбод итгэж амьдралаа ярьж асуудлаа шийдүүлдэг байсан байх. Өөрөө ч амьдралын дутуу хөтүүг мэдэрч амьдарсан болоод ч тэрүү их өрөвчхөн хүн л дээ.
Манай 400 орчим жолооч нарынхаа бүгдийнх нь утсыг, овог нэр, машиных нь дугаартай нь цээжээр мэддэг, хэн хаана явааг нь бүгдийг нь тархиндаа зураад явж байдаг толгой гэж компьютер болсон мех байлаа та.
Ямарч үед төдөн нойморын машины жолооч хэн бэ? Утасных нь дугаар гэхэд шууд хэлдэг тийм л ажлаа арван хуруу шигээ мэддэг механик байсан даа. Одоо тань шиг хүнийг олох, таньтай адилхан болгох гэвэл нилээн л цаг хугацаа орох байх. Хаа нэг бор дарс хүртэж жавтий хүртэнэ. Хэдхээн мөчийн дараа тэрийгээ мартчихсан инээчихсэн, толгойгоо маажаад асуудал яриад л ороод ирнэ. Өнгөрсөн шинэ жилээр оны тэргүүний ажилтан болчихоод баярлаад нулимс унагаж байсан нь одоо ч нүдэнд харагдаад
тийм л хүүхэд шиг баярлах гуних нь амархан, цагаахан хүний дээд байсан шүү та минь. Эбогоосоо ийм эрт сална гэж тэр үед бодсон ч үгүй явлаа. Тоглоом хийгээд л “одоо шилдэг ажилтан яадгийг үзүүлнэ биз дээ” гэхэд хөөрхий баярлачихсан “ тэгнээ даргаа, одоо уухгүй” гээд л өөрийнхөө ганцхан сул талыг яриад биднийгээ инээлгээд бөөн баяр болоод явж байсансан.
Манай хүний онигоо гэвэл бараг ном гаргахаар их дээ. Хаа явсан газраа хүн инээлгэж, баяр баясгалан бусдад бэлэглэж, өөрөө онигоонд орж байдаг хүн.
Үдлээд буцдаг хүмүүний орчлонд өөрийн гэсэн өнгө төрхтэй, алдаатай оноотой, хийсэн бүтээсэн дурсах юмтай 55 намрыг үзээд та минь шувуутай адилхан буцаад явчихлаа. Та минь тэнгэрийн оронд буй ижий аавтайгаа уулзаж ханатлаа эрхлээд буцаж эрдэнэт хүний төрлийг олон эх нутагтаа төрөх болтугай.

