За та нар минь стресс багатайхан уншаарай. Энэ өөрөө их эмзэг сэдэв. Гадаадад гацсан Монголчуудын маань байдал амаргүй боллоо. Мэдээж улс авчираагүй биш авчираад л байгаа, эмчилээгүй биш эмчилээд л байгаа, хүн бүр үүнд талархалтай байгаа.
Одоо харин тэснэ тэснэ гэхэд гэдэг шиг гадаадад гацсан хэдэн Монголчууд минь үнэхээр аргаа барж байгаа тул аль нэг замаа нээж, ирэх боломж тоог ихэсгэж, илүү анхаарал тавих зайлшгүй шаардлагатай болжээ. Ямар арга чарга байж болохыг нь мэдэхгүй ч ядаж л “Чичилж гоочилохгүй” баймаар санагдана. “Дурандаа жаргаж явчихаад”, “Одоо л Монголдоо хайртай болж гэнэ” гэх мэт дэмий шаардлагагүй үгсээ залгиад “За яахав, айхтар өвчинийг нь тусчихаагүй байна, эрүүл байхад болно оо хөө” гээд хэцүү цагт ядаж нэгэндээ жаахан уужим хандмаар. Нэмээд л балбаж харагдах юм. Тэнд чинь хөөрхий сүүлийн хэдэн бор юмаа шавхаад Монголдоо эмчилүүлэх боломжгүй болоод хагалгаанд явсан эмээ, амьдрал хөөж жаахан бараа дарчих гээд явсан эгээ, 3 жил мөнгөө цуглуулж байгаад ганц аялах гэсэн нь таарчихсан хос гээд хөгшин залуу зөндөө хүн байна лээ шүү дээ.
Ихэнхи нь л ардаа амьдрал, нялх нойтон хүүхэдтэй тийм хүмүүс. Нэмээд энэ хүмүүс чинь бүх мөнгө төлбөрөө төлөөд, шинжилгээ юмаа найдвартай өгөөд ирье гэж байгаа. Ганц нэгхэн хүмүүсийн буруу хандлагаар нийт хүмүүсийг дүгнэх нь буруу шүү дээ. Өчигдөрхөн л мөр зэрэгцээд энхтайваны гүүр даваад алхаж явсан хэрнээ нэг ингээд таарчихаар нь учиргүй тавлаж ялгаж түлхэх нь юу вэ ? Ирээд 21 хоног тусгаарлагдаад, өвчин туссан нь эмчилэгдээд гарч байна. Бид хамгаалж арга хэмжээ авч чаддагаараа дэлхийд шагшигдаж, азийн 39 улсаас ганцаараа онцлогдлоо.
Манайх үнэхээр харьцангуй сайн байна, гэтэл дотроо алдаж шуугиулж байсан Япон өнөөдөр хөл хориогоо тавьчихлаа. Цаана нь хувийн хэвшил эдийн засгийн нөлөө ажилгүйдэл гээд олон зүйлийг бодож байж дэлхийн улсууд шийдэл гаргаж байна. Бид гэтэл сонгууль хүртэл ямар нэг оноо алдаж болохгүй гэж байгаа юм шиг хэт чанга хандах нь хэр зөв бэ ? Эрсдэлгүйгээр авчирах, эрсдэлгүйгээр хөл хориогоо суллах боломж байна шүү дээ. Хэрвээ тэгвэл зүгээр тэр маск ариутгал энэ тэр дээр нь үхтлээ орилоод, ажлын хэсэг мэсгийнх нь нөлөөллийн багт ороод сайн дураараа зүтгэе ээ! Явж явж бидний хандлага ухамсрын асуудал шүү дээ.
Ч.Ганжавхлан